Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмодын асуудлыг УИХ дээр нээлттэй ярих цаг нь ирлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр/2024.12.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үндэсний баялгийн сан буюу Ирээдүй өв санд 4 их наяд төгрөг хуримтлагдаж, захиран зарцуулах боломжтой боллоо. Үүнийг арвижуулах менежментээр цааш нь авч явна.

Эрдэнэс Монгол болон нийт уул уурхайн ордын 34 хувьд ногдох орлого иргэдийн хуримтлал байна гэж хуульд заасан.

Иргэдийн хуримтлалд өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд 495 тэрбум төгрөг мөнгөжсөн байна.

135 мянган төгрөгийн хадгаламж иргэн бүрд үүссэн байна гэсэн үг юм. И-Монголиа дээр аль нь Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойгоос гээд ямар төсөл хэрэгжиж байгаа нь шууд харагдана. Шаардлагатай гэж үзвэл иргэд карт хэлбэрээр баталгаажуулж авч болно. Бэлэн бусаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах боломж бүрдлээ.

Засгийн газар анх 14 мега төслийг хэрэгжүүлнэ, улс төрийн гацааг гаргана гэсэн уриатайгаар гурван нам хамтарсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ зурагдсан. Энэ бол эрчим хүчний салбарт маш сайн дохио болж байгаа. Үндэсний баялгийн сангуудтай ярилцахад Монгол Улсын эрчим хүч экспортлогч улс болох боломжтой, 2030 он гэхэд Хятадад том хэмжээний эрчим хүчний хэрэглээ үүснэ, үүнд мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын талаар “Чайна Энержи”-тэй хийх хэлэлцээ эрчим хүчний салбарт үнэмлэхүй цэг болно.

Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын хэлэлцээр 16 жил гацсаныг түүхэн логик талаас нь хөөгөөд үзвэл маш сонирхолтой логик гарч ирнэ.

Удахгүй үүнийг УИХ дээр нээлттэй ярилцана. 2013 онд юу болсон юм, 2014 онд юу болсон юм. Манай экспортыг боомилж байсан томоохон асуудлыг ирэх долоо хоногоос УИХ дээр ярина.

Шударга ёсны төлөөх жингийн цуваа зогсохгүй явсаар байх болно” хэмээлээ.

Үргэлжлүүлэн “Алдагдалтай ажилладаг байсан Эрдэнэс Тавантолгой компани 2024 онд 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Өнөөдрийн байдлаар иргэн бүр 350,000₮ авах боломж бүрдсэн байна. Энэ цаашлаад улам нэмэгдэнэ. Нүүрсний үнэ, экспортын биет хэмжээ нөлөөлнө. Гэхдээ сүүлийн  гурван жил ногдол ашиг хүртэж байгаа нь сайн засаглал бүрдсэний илрэл. Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг 3,4-р сард бус хүйтний улиралд олгоно. Инфляци өдөөх эрсдэлтэй учраас гурав хуваах нь зүйтэй.  135 мянган төгрөгөөр эхний ээлжинд олгогдоно. 1,2-р сард ногдол ашиг олгогдоод явна” гэж ярилаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn