Өчигдөр орой БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан. Тэрбээр тус улсын сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна гэж үзэн ийм шийдвэр гаргасан. Гэвч зургаан цагийн дараа уг онц байдлыг цуцаллаа.
Уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын удирдагч Ли Жэ Мён бүх хууль тогтоогчоо Үндэсний ассемблейд цуглаж, хуралдахыг уриалсан. Харин Үндэсний ассамблейн гишүүдийг барилга руу нэвтрэхийг хориглож, ассамблейн гадаа цагдаа нар эргүүлд гарсан байлаа. Цагдаа нараас гадна ассамблейн байрны дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж, дээвэр дээр нь газарджээ.
Үндэсний ассамблейн гадаа цуглагсад “Дайны дэглэмийг эсэргүүцэж байна”, “Дарангуйллыг устга”, “Хаалгыг нээ” гэх зэргээр хашгирч байсан аж.
Өмнөд Солонгосын хуулийн дагуу Үндэсний ассамблей санал хураалт явуулах замаар цэргийн дэглэмийг цуцлуулах боломжтой. Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик орон нутгийн цагаар 01:00 цагийн орчимд цэргийн дэглэмийг цуцлахыг хүссэн тогтоолоо өргөн барьжээ. Улмаар ассамблейн 300 гаруй гишүүний 190 нь санал хураалтад оролцож, бүгд дэмжсэн байна.
Цагдаа нар оруулахгүй байсан тул 1.5 метр өндөр хашааг давж байж орж ирэхээс өөр аргагүй болсон гэдгээ Өмнөд Солонгосын сөрөг хүчний төлөөлөгч Ли Сон Юн санал хураалтын өмнө ярьжээ.
Санал хураалтын дараа цэрэг цагдаагийн алба хаагчид ассамблейн байрыг орхин гарсан боловч гишүүд таралгүй шөнө дөл болгожээ. Төлөөлөгчид парламентыг тараах оролдлого гарч магадгүй гэж болгоомжилсон нь энэ.
Ингээд Юн Сук Ёл зарлигаа буцаах болсон тухай “BBC” шөнийн 03:30 цагийн орчимд мэдээлжээ. Тэрбээр “Би Үндэсний ассамблейн шаардлагыг хүлээн авч, засгийн газрын хуралдаанаар дамжуулан цэргийн байдлыг цуцлах болно” гэж өглөө 05:30 цагийн орчимд мэдэгдсэн аж.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдлын зарлигаа цуцалсан боловч Сөүл хотын Ёндёнпо дахь Үндэсний ассамблейн гадна жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Иргэд гудамжаар бужигнаж, “Юн Сук Ёлыг баривчил” гэж хашгирч байгааг “BBC” мэдээлжээ
Өмнөд Солонгосын 40 орчим хууль тогтоогч Юн Сук Ёлыг огцруулах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж магадгүй аж. “Ерөнхийлөгч Юн улс орныг хэвийн удирдаж чадахгүй болсон нь бүх ард түмэнд тодорхой харагдлаа. Тэр огцрох ёстой” гэж Ардчилсан намын ахмад гишүүн Пак Чан-Дае хэлжээ.
Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо Юн Сук Ёлыг огцрох хүртэл ажил хаяхыг гишүүддээ уриалсан аж. Нэг сая гаруй гишүүнтэй холбоо юм.
Юн Сук Ёлын энэхүү онц байдал зарлаж бужигнуулсан явдлыг ажиглагчид эхнэртэй нь голчлон холбож үзэж байна. Түүнийг нөхрийнхөө өмнүүр бүхнийг базах гэж оролдсонтой холбоотойгоор үүссэн хэрэг гэлцэнэ.
Өнгөрсөн шөнө болсон үйл явдал Өмнөд Солонгост хүчтэй сөргөлдөөн, гудамжны тэмцэлд хүргээгүй, ерөнхийдөө хэвийн, тайван байдалтай байгаа гэнэ. Сургуулуудын үйл ажиллагаа хэвийн явагдана гэж өнгөрсөн шөнө Боловсролын яамнаас зарласан байна. Мөн төрийн үйлчилгээ, шүүх, дүүргийн тамгын газар, банкууд нээлттэй, хэвийн ажиллаж байна.