УИХ өнөөдрөөс 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр төсвийг батлах үеэр “тодотгол хийнэ” хэмээх заалт орсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн буруутгах үг яриа гарав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ч “Хүчин төгөлдөр болоогүй хуульд “тодотгол хийнэ” гэсэн нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” хэмээн Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулах үеэрээ мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Энд бас нэг ноцтой асуудал яригдаж байна. УИХ-ын авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон тогтоолыг төсвийн байнгын хороо санаачилж оруулахдаа 2025 оны нэгдүгээр улиралд багтааж төсвийн тодотгол хөндөнө гэдэг төсөл оруулсан. Түүнд нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж тодотгол хийе гэдэг санал гаргаж, хугацааг өөрчилсөн. Өнөөдөр Их хурлын баталсан тогтоолыг өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн мэтээр ярьж байгаа зохимжгүй зүйл гарч ирж байна. Тийм учраас өргөн барьж байгаа асуудал, хэлэлцэж байгаа асуудалдаа эзэн болох гэдэг дээр маш тодорхой байр суурьтай байх ёстой” гэв.