ЦХИХХ-ны сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа Английн хөлбөмбөгийн “Фулхем” багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд “Фулхем” баг Монгол Улсаас 6.5 тэрбум төгрөг нэхэмжилж, улмаар Арбитрийн шүүхэд хандсан юм.
Соёлын сайд Ч.Алдаржавхлан “Олон улсын Арбитрын шүүхээс Монгол Улсыг Английн Фулхэм клубт 6.5 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан. Өмсгөл хувцас дээр Go Mongolia логог байршуулах, сурталчилгааг хийх гэрээ хийсэн юм байна лээ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул Засгийн газраас төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэвч энэ онд төлөх мөнгө байхгүй, ирэх жилээс төлөх зайлшгүй шаардлага үүсэж байна. Төлөхгүй бол албадаж авах бичиг ирсэн” хэмээсэн.
Харин тухайн үед Соёлын сайд байсан Ч.Номин “Энэ бол ЗГ-ын тогтоолтой ажил. Улсаа таниулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн. Монгол Улсаа сурталчлан таниулсны дүнд бид 1 сая дахь жуулчнаа авч байна” гэж тайлбар хийсэн.
Тэгвэл энэхүү гэрээ, Арбитрын маргааны талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өглөө.
Б.Энхбаяр “Ч.Номингийн “Фулхем” багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болсон. Шүүхээр явбал Монгол Улс ялах магадлал бараг байхгүй. Бид “Төлөхгүй” гэж шүүхээр яваад ялагдчихвал бүр их зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна” хэмээлээ.
