Х.Тэмүүжин: Гүтгэлэгийг хэт ерөнхий байдлаар томьёолсон учир ҮХЦ хууль зөрчсөн гэж үзсэн

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Гүтгэх гэмт хэргийн тодорхойлолтыг хоёрдмол утгагүйгээр тусгах хэрэгтэй. Гүтгэсэн эсэхийг хэн, яаж тогтоох вэ” гэхэд,

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14-ийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. 13.14 буюу “худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэрэг дотор гурван өөр гэмт хэргийг заасан буюу өргөн агуулгатай байсан. Худал мэдээлэл тараах гэдэг нь уламжлалт гүтгэх гэдгээс тэс өөр ойлголт юм билээ. Ер нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улс орнууд шинээр хуульчилж буй гэмт хэрэг. Худал мэдээлэл тараах гэдэг анх бараг манай хоёр хөршөөс эхэлсэн байх. Худал мэдээлэл тараасны улмаас хүний амь нас эрсэдсэн, нийгэмд үзэн ядах буюу дайсагнал хавтгайрч, олон нийт хуваагдсан, эд хөрөнгийн томоохон хохирлууд учирсан гэх мэт объектив хохирлуудыг бичиж байгаад ийм байдал үүссэн бол худал мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцно гэдэг зарчмыг тавьсан юм билээ.  Манайх энэ төрлийн гэмт хэргийн гарчгийг тавьчхаад дотор нь гүтгэх, доромжлох маягийн гэмт хэрэг гээд биччихсэн. Хэт ерөнхий байдлаар томьёолсон учраас ҮХЦ хууль зөрчсөн гэж үзсэн” гэж хариулсан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нийтийн “албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүнийг албан тушаал, үйл ажиллагаатай нь холбогдуулж шүүмжилсэн” гэж бичсэн байна. Дээр нь “үзэл бодлоо илэрхийлсэн бол” гэжээ. Эдгээрийг яаж ялгаж байгаа вэ. Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан этгээд” гэж байна. Энэ заалтад хууль, хяналтын байгууллагын хүмүүс багтаж байгаа юу? “Тэр нөхөр шалгагдаж байгаа” гээд л сүүлийн үед шууд ярих боллоо. Ингэж болох юм уу?” гэсэн асуултыг тавив.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүнийг албан тушаал, үйл ажиллагаатай нь холбогдуулж шүүмжилсэн бол шууд гэмт хэрэг болохгүй гэдэг агуулгыг тусгасан. Мөн нийтийн албан тушаалтан өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл, иргэдийн гомдол ирсэн бол түүний эсрэг шууд шүүхэд хандахгүй гэсэн санаа бий. Та тайлбар хийх үүрэгтэй гэсэн үг юм. Шүүмжлэхийг гүтгэхээс ялгаж бичсэн. Шүүмжлэх гэдэг олон нийт нийтийн албан тушаалтныг үйл ажиллагаатай нь холбогдуулан хардаж, эргэлзэж асуулт асуух эрхтэй. Энэ эрхийн хүрээнд шүүмжлэлтэй хандсаныг гэмт хэрэгт оруулахгүй. Гүтгэх гэдэг нь худал эсвэл хуурамч мэдээллийг мэдсээр байж тараах гэсэн үг” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn