Б.Батцэцэг: Нефть боловсруулах үйлдвэрийг түшиглэн технологийн парк байгуулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нефть боловсруулах үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл,  технологийн парк байгуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Б.Батцэцэг “Нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа. Гэвч төслийн явц харьцангуй удаашралтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн хэрэгжилт удааширсан шалтгаан нь оролцогч тал олон байгаатай холбоотой. Мөн Монгол Улс сүүлийн 30 орчим жил томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгээгүй нь инженерчлэл, дэд бүтцийн чиглэлээр тодорхой хүндрэл үүсгэж байна.

Үүнтэй холбоотойгоор инженерчлэл, дэд бүтцийн магадлагаа хийх болон Монголын талын хариуцаж байгаа ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Чингис хаан Үндэсний баялгийн сангийн ТУЗ-ын дарга нарт Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.

Нефть боловсруулах үйлдвэрийг дагаж олон жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Засгийн газрын хуралдаанаар уг төслийг цаашид үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр хөгжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад өгсөн байна. Энэ асуудлаар холбогдох шийдвэрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн гаргах хүлээлттэй байна.

Мөн стратегийн чухал ач холбогдол бүхий тус үйлдвэрийн талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Үйлдвэр ашиглалтад орсноор шаардагдах хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ажиллахыг Боловсролын сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хураллдаанаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна.

Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо. Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, зөв соёл хэвшүүлэхэд анхаарна.

Энэ зөвлөл дүрмээ өнөөдөр баталсан. Энэ бүрэлдэхүүнд бусад салбарын сайд нар болоод хувийн хэвшлийн төлөөлөл 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана. Цаашид иргэд хотын соёлд хэрхэн нийцэж амьдрах талаар олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажлуудыг илүү өргөн хүрээнтэйгээр, үр дүнтэй хэрэгжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn