Л.Оюун-Эрдэнэ: Ард түмэн авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсч л энэ сонголтыг хийсэн

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдлоо.

Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал хураалтад 104 гишүүн оролцсоны 103 нь дэмжсэн. Харин  Ч.Лодойсамбуу гишүүн л дэмжээгүй.  Ерөнхий сайдаар улиран томилогдсон Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индрээс үг хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Мөн эрхэм монголчууд аа.

Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархъя.

Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон жаазлан үлдээж, олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.

Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, шинэ өглөөтэй ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.

Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа. Мөн хамгийн олон инженерүүд, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн профессорууд, мэргэжлийн экспертүүд, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.

Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас энэ бол ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл болж чадлаа. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан.

Харамсалтай нь С.Зоригийн хүсч мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига.

Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “Шинэ эргэлтийн бодлого” гэж тодорхойлж байсан.

Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсч л энэ сонголт хийгдсэн билээ.

Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын эрхэм гишүүд, шинэхэн УИХ-ын дарга, журмын нөхөр Д.Амарбаясгалан танд баяр хүргэж, амжилт хүсье.

Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.

Улс орон бол хүний биетэй адил амьд организм. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдасч, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь реформ хийх ёстой.

Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлж дуусгахаас гадна:

30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм.
Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно.
Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.
Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ? гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүсч байна. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна.

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ.

Бид Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай. Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотуудын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.

Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.

Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.

Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.

Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.

Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно.

Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяуулаа ч биш. Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихэд Монгол хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn