11-р сарын 26: Улс тунхагласан бус Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс байгуулсны ой

Жил бүрийн энэ өдөр нэгэн учирлалыг байнга өгүүлж баймаар санагддаг. Маргааш 11 дүгээр сарын 26-нд Монголчууд бид нэгэн түүхт өдрийг тэмдэглэж нийтээрээ бөхөө үзэн, гэр орондоо амарч өнгөрүүлнэ. Харин энэ өдрийг олон хүмүүс Монгол улсыг тунхагласан өдөр хэмээх нь эвгүй, эгдүү төрөхөөр нэршил.

Уг нь энэ өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол улс Бүгд найрамдах улс болсон өдөр юм. Гэтэл улстөрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд олон нийтийн дунд тусгаар тогтнолын баяр хэмээх ойлголт машид түгээмэл байсарр л байна.

Монгол улс бол тусгаар тогтнолын хэдэн мянган жилийн түүхэн уламжлалтай. Түүнээс нь бид Хүннүгийн Модун шаньюй төр улсаа цэгцлэн хаан ширээнд суусан МЭӨ 209 оноос л төрийнхөө түүхийг эхлүүлж тооцсоор ирлээ. Түүгээр бол манай тусгаар тогтнолын өдөр 2224 жилийн настай байх ёстой.

Гэвч сайн дурын түүхч Б.Баабар нар Их Монгол буюу Чингис хааны байгуулсан улсын он тооллоор 1206 оноос хойш гэж тооцоод тусгаар тогтноод 819 жил болж байна гэх.

Тэгтэл нэг хэсэг нь болохоор 1911 онд манжийн Дайчин улсын төрийн эрх мэдлийг устгаж, Монголчууд өөрсдөө Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа байгуулсныг л Тусгаар тогтнолын өдөр гэж мэтгэнэ. Тэгвэл тэр 1911 оны 12 дугаар сарын 29 бол Монгол улсыг дахин сэргээн тунхагласны ойн өдөр юм.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг яагаад тэмдэглэж байгаа нь тэр өдөр Монгол улс ах удаа Үндсэн хуультай болж, улсаа Бүгд найрамдах улс болгосон учраас юм. Яагаад ийм болов гэхээр 1921 онд Богд хааныг Хэмжээт эрхэт хаан болгосон. 1924 оны хавар тэрбээр тэрбээр өөд болж, түүний оронд шинэ Богд тодруулахыг хориглосноор улсын Анхдугаар Их хурлыг намар нь зохион байгуулж, тэрхүү хурлаас Үндсэн хуулийг баталсан юм. Тиймээс л засаглалын хэлбэр солигдож БНУ болсон.

Түүнийг л тэмдэглэж байгаа утга болохоос энэ өдөр улсаа тунхаглаад байсан юм байхгүй л дээ.

Харин 200 орчим жил Манж Чингийн ноёрхолд байсан Монгол улс 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Тусгаар тогтнолоо сэргээн байгуулж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа тунхагласан юм гэдгийг ой тойндоо ортол ойлгож аваасай хэмээх хүсье.

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 насны энэ жил тохиож байгаа. Тэртээ 1930-аад онд тэрбээр ийн шүлэглэж байж. Монгол улс минь мөнхөд мандаж байг.

“ТҮҮХИЙН ШҮЛЭГ”

Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор… ,

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn