Өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилох саналыг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
Өнгөрсөн Мягмар гарагт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ажлаа өгөхөө мэдэгдэж, өөрийн нэр холбогдоод буй хэргүүдийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдсэн. Түүнийг Лхагва гарагийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн юм.
Харин өчигдөр шөнө МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд уг томилгоогоо танилцуулж, захирамжилснаар томилгоо хүчин төгөлдөр болох юм.
Тэгвэл сүүлийн үед Б.Бат-Эрдэнэтэй холбоотой төрийн нууц задруулсан хэмээх асуудал дахин яригдсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг төрийн нууцыг хадгалж байсан хэргээр ял авч, түүнийг Ерөнхийлөгч өршөөн суллаж байсан. Тэгвэл уг нууцыг Б.Бат-Эрдэнэ Байгаль орчны сайд байхдаа түүнд дамжуулсан гэгдсэн.
Мөн саяхан Х.Нямбаатар нэг удаагийн лайваараа тэрхүү Н.Өнөрцэцэгт байсан төрийн нууц материалыг одоогийн УИХ-ын гишүүн “ББ” дамжуулж өгсөн хэмээн мэдэгдсэн. Түүнийг нь олон хүн тэр дундаа Н.Өнөрцэцэг “Та нэг юм хэлэхгүй юмуу” хэмээн Б.Бат-Эрдэнэ рүү хандан сошиалаар асууж байв. Гэвч тэр хэрэг мартагдаж, Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга буюу Засгийн газрын хамгийн чухал гал тогоог хариуцсан сайдаар томилогдох нь энэ.
