Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн залуучуудын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа түрүүлэв. Алтан медалийн төлөөх барилдаанд Киргизийн тамирчин Золдошева Занарыг сугадаж тонгороод цэвэр яллаа.
Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Ариунзаяа 2019 оноос хойш тасраад байсан залуучуудын дэлхийн аваргын медалийг ийнхүү алтан медаль хүртэн үргэлжлүүлээ.
Мөн өсвөр үе, залуучуудын ангилалд дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч болсон юм. Залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын гурав дахь жүдочоор тодров.
Т.Ариунзаяа 18 настай, 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2026 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруудах тэмцээнд анх удаа түрүүлсэн. Мөн энэ намар болсон “Айчи-Нагоя” Азийн наадмаас мөнгөн медаль хүртээд байгаа ажээ.
Энэ сарын 19-нд эхэлсэн “Ташкент-2026” тэмцээнд 78 орны 574 залуу жүдоч оролцохоор бүртгүүлжээ. Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд, нийт 18 тамирчин хүч сорьж, Монгол улсын шигшээ багийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахлан оролцож байгаа юм.
