Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр 2026 оны намрын ургац хураалтын талаар мэдээлэл өглөө.
Ц.Идэрбат “Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1 сая 403.1 мянган тонн ургац хураан авсан нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Энэ оны тав, зургаадугаар сард тариалангийн зарим бүс нутагт үргэлжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалт 5-7 хоног, ургац хураалтын ажил өмнөх жилүүдээс 10-14 хоногоор хойшилсон. Гэсэн хэдий ч 6-9 дүгээр саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах гол нөхцөл болжээ.
Ургац хураалтын урьдчилсан дүн болон өмнөх онуудтай харьцуулсан түвшингээс үзвэл:
- 1 мянган га-гаас 574.8 мянган тонн үр тариа (үүнээс улаанбуудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн) хураан авсан.
- 5 мянган га-гаас 394.3 мянган тонн таримал тэжээл хураан авч, мөн 1990 оноос хойших хамгийн өндөр дээд амжилтыг тогтоов.
- 6 мянган га-гаас 204.8 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь 2023-2025 оноос бага ч 1960-2022 оны аль ч жилийн ургацаас өндөр үзүүлэлт юм.
- 9 мянган га-гаас 171.4 мянган тонн төмс хураан авсан нь өнгөрсөн 2025 оноос өссөн боловч 2019-2024 оны түвшинд хүрээгүй байна.
- 3 мянган га-гаас 57.7 мянган тонн тосны ургамал хураасан нь 2024 оны 59.4 мянган тонноос бага хэдий ч 2014-2023 болон 2025 оны ургацаас өндөр байна.
Монгол Улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Намрын ургацаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 124.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 204.5 мянган тонн буюу нийт 329.0 мянган тонн улаанбуудайг гурил үйлдвэрлэлийн зориулалтаар нийлүүлж байна. Мөн 74.0 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатанд байна. Үүнээс гадна спиртийн үйлдвэрт 15.0 мянган тонн, тэжээлийн үйлдвэрт 48.8 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдсэн бол дараа оны тариалалтад зориулж нийт 53.0 мянган тонн үрийн улаанбуудай нөөцөлсөн байна.
Төрөөс газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр 2026 онд “Атар-4” аяны хүрээнд 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 49 иргэн, ААН-д 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.
Мөн 1245 тариаланчид 6.98 сая литр дизель түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлж, 548 иргэн, ААН-д 14.5 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар олгосон байна.
Түүнчлэн улсын төсвийн 13.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 7 суманд 2,300 тоннын багтаамжтай механикжсан агуулах барьж ашиглалтад оруулсан бол 7.6 тэрбум төгрөгөөр 5 аймагт 85 трактор, 147 хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, зүтгэх хүчний техникийн хүчин чадлыг 70 хувьд хүргэлээ.
Салбарын яамнаас цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор усалгаатай тариаланг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мөн усалгаатай тариалан болон механикжсан агуулахуудад цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
