Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдаас өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын дагуу Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хамтран шатахууны үнийг бууруулах, тогтворжуулах чиглэлд авах арга хэмжээний талаар саналаа танилцуулж, энэ дагуу Засгийн газрын тогтоол гарсныг танилцууллаа.
Г.Дамдинням “Энэ хүрээнд өнөө шөнийн 00:00 цагаас буюу маргаашнаас эхлэн энгийн АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр, евро 3-аас дээш төрлийн АИ-92 автобензиний үнийг 1000 төгрөгөөр тус тус бууруулна. Холбогдох байгууллагад хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Өнгөрсөн хугацаанд шатахууны хангалтын асуудал хүнд байлаа. Долоодугаар сард бид захиалга хийсэн шатахууныхаа 50 хувийг, наймдугаар сард 60 орчим, есдүгээр сард 70 орчим хувийг авч байсан. Аравдугаар сард мөн дутагдалтай байлаа. Энэ сарын тухайд импортын мэдээллээс харвал хангалт харьцангуй гайгүй байна. АИ-92 шатахуунд дугаарлах байдал буурсан байна. Энэ бол биет шатахууны олдоц нэмэгдэж, олон улсын нөхцөл сайжирч байна гэсэн үг. Ирэх сард мөн хангалт тасалдахгүй төлөвтэй байна.
Тогтоолын хүрээнд, санхүүжилттэй холбоотойгоор Монголбанкнаас 7 хувийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банканд өгч, Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд барьцаатай зээл олгож байгаа. Ингэснээр санхүүжилт хямдарч, шатахууны нөөц бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд шатахууны үнэ бууж орж ирсэн. Гуравт, тодорхой эх үүсвэрийн зохицуулалт хийнэ” хэмээлээ.
