Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдлээ. Энэхүү үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх асуудлыг хуульд хэрхэн зохицуулдаг вэ гэдгийг авч үзье.
Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жилийн хугацаатай байх бөгөөд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болдог. Гэхдээ хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх зохицуулалт ч хуульд бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйли 3 дахь хэсэгт:
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
1/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;
2/Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;
3/нас нөгчсөн тохиолдолд гэжээ.
Өөрөөр хэлбэл, одоо Ерөнхийлөгч өргөдлөө албан ёсоор УИХ-д өргөдлөө гаргаж, үүнийг нь ёсоор болгосон тохиолдолд Ерөнхийлөгчийг чөлөөлөгдсөнд тооцно” гэсэн байна.
Мөн Монгол улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлд:
1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.
Эцэст нь нийлүүлээд хэлэхэд Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрийн санаачилгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно.
-Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Улсын Их Хуралд албан ёсоор өргөн мэдүүлнэ.
– УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.
–УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр (хууль) батална. Хэрэв УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгч бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч огцорсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга түр хэрэгжүүлнэ. Мөн УИХ нь Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй ажээ.
