УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “Төрийн тэргүүнээсээ эхлээд холбогдох албан тушаалтнууд огцорч, ажлаа өгч шалгуулах ёстой. Эдгээр хүмүүс албан тушаалдаа хэвээр ажиллаж байхад хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгааг бид харж байна. Маргааш нь гарч ирээд “Бидний хийсэн бүхэн хууль ёсных байсан” гэж хэлэх нь байна.
Оффтейк гэрээ гэх луйврын сүлжээ бүхий нууц зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг дандаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр хийсэн байдаг. Тиймээс эдгээр зөвлөмжийг нэн яаралтай ил болгох хэрэгтэй.
Монгол Улсад төрийн нууц гэж бий. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нууцлах нь зүйн хэрэг. Гэтэл аж ахуйн нэгж хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах арилжааны гэрээ яагаад улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой болж, нууцлагддаг юм бэ? Тухайн үед ҮАБЗ-ийн гишүүнээр хэн хэн ажиллаж байсан, ямар байр суурь илэрхийлж, ямар санал өгч байсныг олон нийтэд ил болгох ёстой. 2019 оноос хойших бүх зөвлөмж, шийдвэрийг нээлттэй болгохыг шаардаж байна.
Авлигын ээлжит драмын жүжиг үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн гэмт хэрэгтэй холбоотой эзэн, цаг хугацаа, унаж явсан автомашин зэрэг тодорхой мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Энэ бол хагас жилийн турш яригдаж байгаа асуудал. Одоо тэгээд яах ёстой юм бэ? Эвлэрээд явах уу?
Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон холбогдох өндөр албан тушаалтнуудад итгэл үзүүлэх эсэх, огцруулах (импичмент) асуудлыг албан ёсоор өргөн барьж, хэлэлцүүлэх болно. Хэрэв парламент дахь олонх болон эрх баригчид үүнийг хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх болно. Үүнээс цааш хүлээх, тэвчих аргагүй болсон.
Авлигыг тэвчих аргагүй боллоо. Илт зөрүүтэй тайлбарууд хэлж байна. Сарын өмнө тансаг орд харшийн тухай ярьж байсан. Харин одоо нэг ам метр талбайг нэг сая төгрөгөөр барьсан гэж хэвлэлийн албанаас нь мэдэгдэж байна. Нэг сая төгрөгөөр хаус байтугай энгийн байшин ч барьдаг цаг өнгөрсөн.
2019 оноос хойш тоолбол хоёр удаагийн УИХ-ын, хоёр удаагийн орон нутгийн болон нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бусаар авсан гэж эрх баригч нам өөрөө хэлж байна. Энэ авлигын хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнууд төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд огцорч, шалгуулах ёстой. Албан тушаалдаа хэвээр ажиллаж байхад нь төрийн байгууллагууд хэрхэн шалгаж байгааг бид харж байна. Эцэст нь “Хөрөнгө, орлого нь хууль ёсных байсан” гэж хэлдэг.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээ яагаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой бодлогын асуудал болдог юм бэ?
Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавина. Парламент, эрх баригчид болон авлигажсан тогтолцоо үүнийг хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх болно” хэмээв.
