Өнгөрсөн долоо хоногт Австралийн Үндэсний галерей БНХАУ-д Хойд Сүн улсын үе /960-1127 он/-ийн түшмэл болон цэрэг хүний дүр бүхий хоёр шохойн чулуун баримлын толгойг хүлээлгэн өгсөн. Хятадын Хэнань мужаас гаралтай эдгээр үзмэрийг 1990-ээд онд эзэн хааны бунхнаас хулгайлж, Хятадаас гаргаж, дараа нь дээрх галерейн цуглуулгад оруулсан байсан аж.
Соёл, түүхийн үнэт өвүүдийн гарал, үүслийг нягталж, тухайн эд өлгийн зүйлсийг эх оронд нь буцаах ажил ийм маягаар хийгддэг. Өмнө нь манай улс ч эртний бичиг, үлэг гүрвэлүүдийн олдворуудаа ийм маягаар гадаадаас буцаан авчирч байсан жишээ цөөнгүй бий.
Тиймээс манайд түүх соёлын хулгай, ялангуяа хятадынх шиг хөшөө чулууны толгой хэсэг алга болоод буцаж ирсэн ямар тохиолдол байгааг сонирхогчдод хүргэх ёстой гэж үзлээ.
Хархорумаас хойш 45 км-т байх Архангайн Хашаат сумын нутаг Хөшөө цайдмын цогцолбороос олдсон Күлтэгин жанжны гантиг чулуун хөшөөний толгой нь алдагдаж, олон жил сураггүй байсны эцэст манай дипломатчид, судлаачдын хичээл зүтгэлийн үр дүнд эх орондоо буцаан авчирсан түүх бий.



Уг дурсгал эдүгээ Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж байгаа гэдэг. Энэхүү хөшөөний толгой алга болсон нь Эртний Түрэгийг өөрсдийн өвөг дээдсээ гэж явдаг улс орнууд олонтой холбоотой. Тэгээд ч Эртний Түрэгийн үед хамаарах хамгийн алдартай дурсгалууудын эхэнд Хөшөө Цайдам дахь Билгэ хаан, Култэгин жанжнуудын цогцолбор дурсгал ордог билээ. Энэ бүхэнтэй ч холбоотой юу хэд хэдэн улс өөр, өөрсдийн мөнгөн тэмдэгт, шуудангийн марк, дурсгалын мөнгөн тэмдэгт, зоос, элдэв медалион зэрэг дурсгалын зүйлс дээрээ Күлтэгиний хөшөөний толгой хэсгийг дүрслэн шүтээн, хийгээд сүлд тэмдгээ болгон сэтгэлдээ өмчлөн явдаг. Манай улсын хувьд үнэтэй толгой гэвэл энэ толгойг л хэлэх байх.
Хэдий түүхэн дурсгалууд, биет өвүүд алдагдсан ч олдож буцааж авчирсан түүхүүд бий. Гэвч бидний цаг үед ч ийм төрлийн хулгай гарсаар л байгаа.
2009 оны 5 дугаар сард нэг ийм хулгайн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа.
“Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Шивээт толгой хэмээх газарт 2008 онд МУИС-ийн Археологи антропологийн тэнхмийн хийсэн малтлагаар олдсон хүн чулуу алга болсныг дараа жилийнх нь 5-р сард мэдсэн сумын байгаль орчны байцаагч нь мэдэгдэж байв.
Энэхүү хүн чулууны толгой, цээж, суурин хэсгээрээ салсан байдалтай олдсон байна.
Шивээ толгойн булш нь Хөшөө Цайдамын Билгэ хаан болон Куль-Тегины цогцолбор дурсгал, түүнчлэн дундад эртний Монголын нийслэл Хар Хорумтай ойролцоо оршиж байсан тул түүхэн аль цаг үед холбогдох, ямар бүтэц зохион байгуулалттай дурсгал болохыг тодруулах зорилгоор малтлага хийсэн байна.

Хүн чулууны өндөр нийтдээ 2м 10 см хэмжээтэй, алга болсон цээжин бие нь 1м 60 см орчим хэмжээтэй. Бор шар боржин чулуугаар хийсэн, 400-500 кг орчим жинтэй, 5-7 хүн өргөж зөөхөөс нааш хөдөлгөхгүй гэж танилцууллаа. Судлаачид энэхүү дурсгалыг түрэгийн үеийнх гэж үздэг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх дурсгалын улсын хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс болгоомжлон мэдээллийг бүх боомтуудын хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдсэн” гэсэн мэдээ гарч билээ.
Тэр үед энэхүү Шивээт толгойн хүн чулуун хөшөөг судалсан судалгааны өгүүллүүд бичгдэж байлаа. Гэвч уг хүн чулуу алга болсон нь тэр. ШУТИС-ийн НТС-ын салбарын Түүх-Аялал жуулчлалын багийн багш С.Бат-Эрдэнэ Шивээт толгойн хүн чулууны тухай судалгааны өгүүллийг туурвиж, “Нүүдэлчдийн өв судлал” цуврал сэтгүүлд нийтлүүлсэн нь бий.
Энэ хүн чулуун хөшөөний их бие алдагдаад 17 жил болж байгаа бөгөөд судлаачдаас сураглахад уг дурсгал казахстанд байгаа хэмээх там тум мэдээ байгааг хэлж байлаа.
Ер нь иймэрхүү хүн чулуу алга болсон хэрэг байсгээд сонсогддог. Өмнөговь аймгийн Номгон сумаас мөн 2010-аад оны үед хүн чулуу алга болж байсан тохиолдол бий.
