УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин “Ээлжит хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа 2018 оноос хойш хэрэгжиж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжихгүй байна гэж дүгнэж байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд төрийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалт бий. Гэтэл хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас төрийн бүх байгууллага өөрийн гэсэн хэвлэлийн албатай болсон.
Энэ нь хэвлэл мэдээллийн буюу дөрөв дэх засаглалын зах зээлийн орон зайг хумих, өрсөлдөх чадварыг бууруулах, мөн Засгийн газар болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага нэг талыг барьсан мэдээллээр олон нийтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна.
Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Засгийн газарт бариулчихгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие даасан, хараат бус байх ёстой гэсэн зарчмаар Ардчилсан нам үзэл баримтлалаа тодорхойлж, ажлын хэсэг байгуулан ажиллана гэдгийг хэлэлцсэн.
Дараагийн асуудал нь хариуцлагагүй уул уурхайн улмаас байгаль орчин сүйдэж, хүн амын эрүүл мэнд хохирч байгаа асуудал байлаа. Ялангуяа Тавантолгойн асуудлаас болж олон хүний элэг, уушги гэмтэж, хавдрын өвчлөл нэмэгдэж байна.
Мөн Нөмрөгийн дархан цаазат газар шатсан асуудалд зөв, бурууг тогтоож, хариуцлага тооцохоос зайлсхийж, нуун дарагдуулах асуудал байж болзошгүй. Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар шударга, зөв шийдвэр гаргуулахын тулд ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ.
Монголбанкнаас элдэв төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг зогсоох, санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад, хариулт өглөө.
-Засгийн газарт хамтрах шахалт ирж байгаа эсэх болон Засгийн газрыг огцруулах бичгийн явц ямар шатанд байна вэ?
-Засгийн газарт орох, хамтрах тухай ямар нэгэн хэлэлцээ, яриа огт явагдаагүй. Засгийн газарт орох, хамтрах асуудал нь бүлгийн түвшинд биш, намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх учиртай. Одоогоор ийм шийдвэр байхгүй. Харин Засгийн газрыг огцруулах бичигт намын дарга асан Л.Гантөмөр, намын дарга О.Цогтгэрэл нарын санаачилгаар 41 гишүүн гарын үсэг зурсан нь үнэн. Уг бичгийг хэзээ өргөн барих асуудлыг АН-ын Улс төрийн зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ.
-Эрх баригч намын хулгай, хариуцлагын асуудал болон шатахууны хомсдол зэрэгт АН сөрөг хүчний хувьд хэрхэн хандаж байна вэ?
-МАН дотор өрнөж буй авлига, хулгайн маргаанд АН аль нэг талд орохгүй. Аль алиных нь ярьж байгаа үндэслэлүүд шалгагдах ёстой бөгөөд хууль зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хонгил үүсгэсэн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардаж ажиллана.
Хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүрч аваад мэдэгдэл хийх нь улс төрийн сөрөг хүчний бодлого биш. Бид тооцоо судалгаатай, бодлогын үндэслэлтэй хандаж байна. Мөн шатахууны нийлүүлэлт, хомсдлын асуудалд дүгнэлт хийж, хууль зөрчсөн, хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох асуудлыг хуулийн хүрээнд шаардах болно.
