Улсын хэмжээнд энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 879,837 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй нийт иргэдийн 107 мянга гаруй иргэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн цалин авч байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Хөдөлмөр эрхлэгчдийн хэд нь, хэдэн төгрөгөөр цалинжиж байгааг сонирхуулья.
-74,514 иргэн 792,000-1,000,000 төгрөгийн цалин,
-61,936 иргэн 1.1-1.5 сая төгрөгийн цалин
-83,328 иргэн 1.5-2 сая төгрөгийн цалин
-96,785 иргэн 2-2.5 сая төгрөг хүртэлх цалин
-99,562 иргэн 2.5-3 сая төгрөгийн цалинтай ,
-87,365 иргэн 3-3.5 сая төгрөгийн цалин авч байгааг мэдээлжээ.
Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгох тухай асуудал хэдэн сарын өмнөөс яригдсан. Уг асуудлыг ирэх жилээс шийдвэрлэхээр яригдаж байна. Энэ тухайд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир байр сууриа илэрхийлэв.
Т.Аубакир “Одоохондоо Монгол Улсын эдийн засагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх боломж байхгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс баримжаа авдаг маш олон хуулиуд бий. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин эсвэл нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцдог. Гадны ажиллах хүчний төлбөр мөн л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ногдуулдаг. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд маш олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард энэ хэмжээг нэмэгдүүлж 792 мянган төгрөгт хүргэсэн. Жил болоогүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөндлөө гэдэг зүйлийг ярьж, шүүхэд хандсан байгаа.
Гуравдугаарт, эдийн засгийн даацын хувьд ажил олгогч нарт маш их ачаалал нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, маш олон ААН хаалгаа барьж, татвар, нийгмийн даатгалын дарамтад байхад дахин ачаа нэмэх шаардлага байна уу гэж бодож байна. Үйлдвэрчний эвлэл аливаа цалин хөлсийг нэмэгдүүлэх санал гаргахдаа эдийн засгийн боломжийг харгалзан үздэг байх шаардлагатай.
Гурван талт хэлэлцээрийн үед аль нэг тал нь зөвшөөрөөгүй үед тухайн асуудлыг зогсоодог. Миний зүгээс энэ асуудлыг түр хойшлуулах санал гаргаж, одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал түр зогссон байгаа” хэмээсэн.
