Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга асан Х.Нямбаатарыг эдүгээ Канад улсад байгаа гэдэг. Түүнийг засаг дарга байх үедээ эхлүүлсэн “мега” төслүүдтэй нь холбоотойгоор хууль хяналтынхан шалгасаар л байна.
Үүний зэрэгцээ Х.Нямбаатар хилийн чанадаас сошиалаар өөрөө ямар нэг хэрэг хийгээгүй, Монгол улсыг удирдаж байгаа хүмүүстэй холбоотой янз бүрийн асуудал байдгийг бичсээр байна.
Х.Нямбаатарт эрүүгийн хэрэг үүсгэсэн АТГ-аас өнгөрсөн долоо хоногт түүнийг Интерполоор эрэн сурвалжлуулахаар хүсэлт явуулсан хэмээж буй. Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатарын сошиал ихэд идэвжиж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон МАН-ын дарга нартай холбоотой хоёр хоногийн өмнөх лайвыг нь өнөөдөр ЕТГ-аас няцаах юм гэсэн.
Тэгвэл Х.Нямбаатар өнөөдөр “Миний ажлыг нь эхлүүлсэн дүүжин тээвэр өнөөдөр туршилтаа хийж байна. Туулын хурдны зам УБ хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах байсан шийдэл! Цан цохиод эхлүүлсэн ажлыг минь зогсоосон. Би иргэдийнхээ цаг завыг хэмнэж, их хотын хөгжлийн хурдасгуур болох энэ төслийг 2 жилийн дотор дуусгах байсан. Над руу дайрч, иргэдийн тархийг угааж байгаа 500 тэрбум гэх асуудал ор үндэсгүй. Надад хувийн нэг төгрөгийн ч ашиг сонирхол байгаагүйг түүх гэрчилнэ” гэжээ.
