Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөнийг мэдээлсээр байгаа. Уг түймрийг онцгойгийнхон цурманд оруулсан ч бүрэн унтрааж чадаагүй, ан амьтдын ихэнх нь цөм Хятадын нутагт дайжсан нөхцөл байдалтай байгаа аж. Нийт хохирлын хэмжээ хэр их болох, хэн энэхүү түймэрт хариуцлага хүлээх зэргийг түймрийг бүрэн унтраасны дараа тооцно хэмээн албаныхан ярьж байгаа. Нөмрөгийн дархан цаазат газар 587,744 га буюу ойролцоогоор 5,880 км² талбайтай. Үүний 80 хувь гэдэг бол 470,195 га буюу ойролцоогоор 4,702 км² гэсэн үг ажээ.
Одоогоор Мобиком корпорацийн захирлуудын унаж явсан нэг машин шатаж, түүнээс болж гал гарсан хэмээж буй. Мөн УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг тэдэнтэй хамт явсан хэмээн мэдээлж байсан. Тэгвэл энэхүү асуудлын талаар У.Отгонбаяр гишүүн тодруулга өгсөн.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Би түймэр гарсан өдөр УИХ-ын чуулганд суусан. Нөмрөгийн дархан цаазат газарт амьдралдаа очиж үзээгүй. “Мобиком”-ын удирдлагууд яаж дархан цаазтай газар руу орсныг мэдэхгүй байна
Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарч байгальд ихээхэн хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн өдрүүдэд буруу ташаа мэдээлэл сошиалд явж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй байх. Өнгөрсөн хугацаанд миний бие Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд өөрийн сонгогдсон тойрогтоо ажилласан нь үнэн.
Гал 2026 оны 10 дугаар сарын наймнны 11.55 цагт гарсан гэх дуудлага онцгой байдлын газарт ирсэн юм билээ. Тухайн өдөр миний бие Улаанбаатар хотод чуулганд сууж байсан. Баримтаар үүнийг харуулах нь зүйтэй байх. Тэр өдөр 14.00 цагт чуулган эхэлсэн, 13.40 цагт чуулганы ирцэнд орсон. Энэ бол хөдөлшгүй баримт. Миний хувьд Нөмрөгийн дархан цаазат газарт амьдралдаа очиж үзээгүй. 10 дугаар сарын долооны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод хоёр арга хэмжээнд ороод орой нь Улаанбаатар хотод ирсэн үйл явдал болсон.
10 дугаар сарын долоонд Сүмбэрийн боомтод ажилласан нь мөн үнэн. Хил хамгаалах ерөнхий газар, аймгийн Засаг даргын зохион байгуулсан арга хэмжээ байсан. Тэр арга хэмжээнд “Мобиком”-ын удирдлагууд оролцсон. Шилэн кабелийн нээлт болсон юм л даа. Би аймгийн төв рүү тухайн өдөр явсан. Тэр хүмүүс тэндээ үлдсэн.
Цаашаа Нөмрөг явах замдаа гал тавьсан юм байна гэж ойлгосон. Тэр хүмүүс надтай ямар ч хамааралгүй. Нэг арга хэмжээнд л оролцсон. УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо ажилласан, тэнд болж байгаа арга хэмжээнд оролцоод явдаг.
Дархан цаазтай газарт хэн дуртай нь ороод байдаггүй. Хэдий Дорнод аймгаас сонгогдсон ч Нөмрөгийн дархан цаазат газарт би очиж үзээгүй. Тэд яаж зөвшөөрөл авч тийшээ орсныг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагынхан хэрхэн нэвтэрсэн, хэн зөвшөөрөл өгсөн, хохирлын хэмжээ гэх зэрэг олон асуултын хариуг олох байх.
Дархан цаазат газарт хэн дуртай нь ороод аялж зугаалж явах нь маш буруу. Хавартаа, намартаа тал хээрийн түймэр гэдэг чинь маш аюултай зүйл байдаг. Асуудалд холбогдсон байгууллагуудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Хил хамгаалах байгууллагынхан зөвшөөрөл өгчихсөн юм байна гэж ойлгосон. Энэ хууль зөрчсөн үйлдэлд арга хэмжээ тооцтол анхаарч ажиллана гэж бодож байна” хэмээн тэрбээр өгүүлсэн.
