Өнөөдөр БОУАӨ-ийн дэд сайдаар ажиллаж, СОР-17-гийн ажлыг хариуцан гүйцэтгэсэн Б.Мөнхтамирыг АҮЭБ-ийн дэд сайдаар томилсон гэнэ. Б.Мөнхтамир нь тус яаманд шатахууны асуудлыг хариуцан ажиллах ба ажлаа авмагц ханган нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнөөдрийн хувьд АИ-92 автобензин гэлтгүй бусад газрын тосны бүтээгдэхүүний асуудалтай байгаа нь зөвхөн Монгол Улсад биш бөгөөд дэлхий нийтэд тулгамдсан асуудал хэвээр байна. Эхний ээлжид нэн чухал асуудлаа тодорхойлох нь зөв гэж харж байгаа. Тодруулж хэлбэл, хангамжийг хэвийн хэмжээнд авчрах уу, үнийн дүнг тогтворжуулах уу гэдэг чухал асуудал давхар яригдана. Мөн Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болон хувь иргэдэд шатахууны хангамжийг хэвийн хэмжээнд авчрах нь чухал байна.
Үнийн асуудлыг хэрхэн барих, санхүүгийн ямар зохицуулалтаар явуулах талаар анхаарна. Үндсэндээ, АИ-92 автобензин сард дунджаар 100 мянган тонны хэрэглээтэй гэсэн мэдээлэл бий. Харин хэвийн үедээ хэрэглээ 70 орчим мянган тонн байдаг. Үүнийг ОХУ, БНХАУ болон гурав дахь газруудаас ямар нөөцөөр оруулж ирэх гэх мэт ажил яригдана. Энэ дээр нэлээдгүй төвөгтэй асуудал үүсэх байх.
Салбарын сайдын хувьд шатахуун болон бусад зүйлийг хариуцдаг учир миний бие хүртэл уг асуудлыг чиг үүргийн хүрээнд хариуцна. Монгол Улсын Ерөнхий сайд намайг дэд сайдын албан тушаалд томилохдоо шатахууны үүссэн нөхцөл байдлыг хэвийн түвшинд оруулах тал дээр онцгой анхаарч ажлыг даалгасан” гэв.
Өнөөдрийн мэдээллийн хувьд ийм.
Тэгвэл өнгөрсөн хавар Н.Учрал Ерөнхий сайд “…Шинэ Засгийн газарт чиг үүргийн дөрвөн яам буюу ЭЗХЯ, ХЗДХЯ, Сангийн яам, Гадаад харилцааны яам дэд сайдтай ажиллана” хэмээн мэдэгдэж байлаа. Хэдий ийнхүү 4 дэд сайдтай ажиллана гэсэн ч 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдсон Б.Мөнхтамир уг албандаа хэвээр үлдсэн. Одоо түүнийг дахиад АҮЭБ-ийн дэд сайд болгож байгаа нь энэ. Тэгэхээр Засгийн газар 4 биш 5 дэд сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Б.Мөнхтамир нь Дэлхийн боловсрол ХХК, Худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер, Оюутолгой ХХК, бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Монголын төслийн удирдлагын институтийн гишүүн, Оюутолгой ХХК, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч, “МИАТ” ТӨХК, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, “МИАТ” ТӨХК, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүхтэй.
