Ч.Лодойсамбуу: Сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өмнөх төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналтай холбоотой асуудлыг хөндлөө. Тэрээр тухайн санал дэмжигдсэнээр төрийн байгууллагад ажиллаж, хуулийн дагуу цалингаа авсан хүмүүсээс өмнө олгосон цалинг нь буцаан авах нөхцөл үүссэнийг хэлсэн.

 Б.Энхбаяр “С.Цэнгүүн гишүүн төсвийн тодотголын үеэр 10 сар ажиллаад авсан цалинг нь буцаан хурааж авах санал гаргаж, дэмжүүлсэн. Тэр хүмүүсийг одоо яах юм. Тэд хуулийн дагуу л цалингаа авсан хүмүүс шүү дээ” хэмээн асуудал тавьсан юм. Б.Энхбаярын тайлбарын гол агуулга нь төсөвт хэмнэлт хийх хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ өмнө нь хууль ёсны дагуу үүссэн цалин хөлсний харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдэгт чиглэж байв. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголоор зардлыг танасан ч тухайн шийдвэр гарахаас өмнө ажил үүргээ гүйцэтгэж, цалингаа авсан хүмүүсээс уг мөнгийг нөхөн төлүүлэх асуудал үүсэж байгааг тэрээр онцолсон.

Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр С.Цэнгүүн гишүүний өмнө гаргасан саналтай холбогдуулан шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсний дараа үг авч, Засгийн газрын гишүүдийн УИХ-ын гишүүдтэй харилцаж буй байдалд шүүмжлэлтэй хандлаа.

Тэрбээр парламентын үйл ажиллагааг 20 жил сурвалжилж ажилласан туршлагаа дурдаад, одоогийн Засгийн газрын зарим сайдын УИХ-ын гишүүдэд хандаж буй өнгө аясыг өмнө нь харж байгаагүй хэмээн хэлсэн. Ч.Лодойсамбуу гишүүн Б.Энхбаярт хандан “Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар. Би 20 жил парламент сурвалжлахдаа ийм онгироо сайд нар үзээгүй. ЗГХЭГ-ын даргын сандал дээрээс ямар том болж байна аа, Б.Энхбаяр сайд аа” хэмээв.

Мөн Засгийн газрын гишүүд олон нийт болон парламентын гишүүдтэй харилцахдаа дээрээс хандсан өнгө аяс гаргаж байна гэж шүүмжилж, “Засгийн газрын сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо” гэсэн байр суурь илэрхийллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn