Монгол Улсын БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 2026 онд Засгийн газрын 95 сая тонн хэмээх зорилтыг давж, 105 сая тонн хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Сангийн сайд З.Мэндсайхан 100 сая тоннд хүрнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл ирэх онд тээврийн дэд бүтэц сайжирч, үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэх хэрээр экспортын биет хэмжээ дахин 15 орчим хувиар өсөж, 120 сая тонн хүрнэ гэж “Bloomberg Intelligence” тооцоолсон байна.
БНХАУ-ын Шаньси мужид гарсан уурхайн ослын дараах аюулгүй ажиллагааны шалгалтууд дотоодын олборлолтын сэргэлтийг хязгаарлаж байгаа тул БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 2027 оны эхний хагас хүртэл үргэлжилж болзошгүйг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Ортис Фан, Ахлах шинжээч Мишель Люн нар шинэ судалгаандаа бичжээ.
Иймд тус улсын Монгол, Австрали, ОХУ-аас авах импортын эрэлт өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй. Хэдий тийм боловч Австралийн тээврийн зардал өсөж, БНХАУ-ын худалдан авагчид нийлүүлэлтээ төрөлжүүлж байгаа нь Монголын нүүрсэнд давуу тал олгож байгааг ч тодотгосон байна.
