Аудитын байгууллагаас нас барсан, бүртгэлгүй иргэдийн нэрээр 1072 хувьцаанаас 6.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан гэх зөрчил илрүүлсэн талаар мэдээлсэн. Энэ талаар “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Б.Мэндбаяраас тодрууллаа. Тэрбээр “Үндэсний аудитын газраас ийм зөрчил байна гэдэг дүгнэлт гаргасан. Манайхаас энэ асуудлаар тодруулахад Улсын бүртгэлээс ирүүлсэн нэрсийн жагсаалт дээр алдаа гарсан байсан. Иргэдийн бүртгэлийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас солилцдог. Тэр явцад иргэний хувийн мэдээлэлд алдаа гарсан гэсэн үг. Тэрнээс биш иргэдийн хувьцааны мөнгийг төр дур мэдэн авч, хуваарилсан асуудал гараагүй. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд гомдол гаргаж, өгсөн. Аудитын байгууллагын дүгнэлтээр ийм зөрчил гаргасан бол хохирлыг буцаан нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэсэн хариуг өглөө.
Үндэсний аудитын газраас 2026 оны есдүгээр сард танилцуулсан нийцлийн аудитын тайлангаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаас нас барсан, харьяатаас гарсан, хийсвэр болон хүчингүй бүртгэлтэй иргэдэд нийт 6.7 тэрбум төгрөг хуваарилсан ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэгдсэн бүртгэлийг хөтлөхдөө харьяатаас гарсан болон нас барсан хугацаа тодорхойгүй, хүчингүй регистрийн дугаартай иргэдийн бүртгэлийг иргэний бүртгэлийн мэдээллийн сантай тулган баталгаажуулж, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах арга хэмжээг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
