Өнөөдөр АН-ын УИХ дахь бүлгийн хурлаар даргаа сонгохоо хуралдаж. Энэхүү бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн боловч АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.
АН-ын даргаар сонгогдоод олон сар болсон О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөр болоод байгаа. Тиймээс түүний оронд УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын нэрийг бүлгийн даргад дэвшүүлжээ. Ингээд хуралд оролцсон 37 гишүүний 22 нь Б.Түвшинг, 15 нь Х.Тэмүжинг дэмжсэн гэх.
Гэвч АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэн шийдвэрлэхээр дүрэмд заасан хэмээх үндэслэлээр асуудлыг хойшлуулжээ.
Өнөөдрийн АН-ын бүлгийн хуралд таван гишүүн гадаад томилолт болон эмнэлгийн чөлөөний шалтгаанаар оролцоогүй аж. Тэдний дунд “Женко” хэмээх Х.Баттулга, АН-ын дарга асан Л.Гантөмөр нар байгаа ажээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй таван гишүүн нь бүлгийн даргад нэр дэвшсэн Х.Тэмүүжинг дэмжиж буй гишүүд байсан гэлцэнэ. Гэхдээ тэр тав байлаа ч Б.Түвшин нэгэнт олонхийн саналыг авсан хэмээх яриа ч байна.
Ийнхүү АН дахь тэр дундаа тус намын УИХ дахь бүлгийн гишүүдийн хурал талцал хуваагдлаас болж бүлгийн даргаа сонгож чадалгүй хойшлуулжээ. Үүнээс болоод АН-ын бүлгийн мэдээлэл хийгдсэнгүй. Мөн бүлгийнхээ хурлаар хэлэлцэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлын талаар шийдвэр гаргана гэсэн нь ч ийнхүү гацаад байна.
