Б.Батцэцэг: Монгол, Япон улс төрийн харилцааны хувьд бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн чиглэлээр байгуулсан гэрээ хэлцэл, хөндөгдсөн асуудлын талаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Б.Батцэцэг “Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох гэж байна. Сүүлийн 35 жилийн харилцаа хамгийн идэвхтэй байсан. Манай ардчиллыг дэмждэг гуравдагч чухал хөрш гэдгээрээ энэ улс өөрсдөө их бахархдаг улс. Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны сэргэлт, идэвхжилтэй холбоотойгоор манай хоёр орны харилцаа огцом, үсрэнгүй хөгжиж байна.

2025 онд Япон Улсын цог жавхлант Эзэн хаан, эрхэмсэг дээд Хатан нарын хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадам үзэж сонирхож байсан билээ. Энэ үйл явдлыг Япон Улсын ард түмэн бахархаж, энэ улсад маш сайхан сурталчилсан билээ. Энэ улсын хамгийн том хийсэн зүйл бол Монгол иргэдийг сургах, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах бодлого. Энэ бодлого нь өөрөө монгол иргэдийг татсан. Мөн бодит тусламж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг их байсан.

Хамгийн том тусламж бол бидний гуравдагч хөршийн хувьд найрамдлын бэлэг тэмдэг болсон шинэ нисэх онгоцны буудлыг хамтран барьсан явдал юм. Энэ айлчлал бол олон сарын бэлтгэлийн үр дүнд хийсэн учир бэлтгэл ажил маш сайн хангагдсан байсан. Тухайлбал, хоёр улсын Гадаад харилцааны сайд харилцан айлчлал хийсэн байсан. Үүний үр дүн нь өнөөдөр гарч байна. Энэ удаагийн айлчлал бол маш далайцтай, үр дүнтэй айлчлал байлаа.

Манай улс өнөөгийн түвшинд хүрэхэд Япон Улс нэмэрээ оруулсан. Манай улсын бахархалт гуравдагч хөрш байхыг тэд эрмэлздэг. Харин цаашид хөдөө аж ахуй, техник технологи зэрэг олон салбарт хамтарч ажиллахаа илэрхийллээ. Улс төрийн харилцааны хувьд манай хоёр улс бие биенээ үргэлж дэмждэг. Цаашдаа ч бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжихээ илэрхийллээ” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn