Сэлэнгэ аймагт 162 толгой мал баавгайд бариулжээ

Сэлэнгэ аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, нийт 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газраас Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар болон Мал эмнэлгийн газартай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хүрэн баавгай хамгийн их үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг шалган, холбогдох шуурхай арга хэмжээг авчээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулахад “Онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Яаралтай баг бүрэлдэхүүн гарсан тул одоогоор нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Албаныхны мэдээлснээр, ан амьтад өвлийн ичээндээ орохын өмнө идэш тэжээлээ нөөцлөхтэй холбоотойгоор сүүлийн үед баавгай зэрэг зэрлэг амьтад суурьшлын бүс болон малын бэлчээрт үзэгдэх тохиолдол нэмэгдэж байна.

Иймд иргэдийг зэрлэг амьтантай ойртохгүй байх, мал сүргээ хараа хяналттай байлгах, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө хөөж туух, ойртохгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn