Тус төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна. Энэ нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт болж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Тус төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм.
Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон. Төслийн хүрээнд зорчигч терминалын барилга, ачаа терминалын барилга болон холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчлэнэ. Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой юм.

