Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн ял оноосноор НИТХ-ын нөхөн сонгууль явуулах боллоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүхээс “Эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн” зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноосон.

Ингэснээр Б.Эрдэнэсүх нь НИТХ-ын төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс түүний НИТХ-д сонгогдсон Сүхбаатар дүүргийн тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсч байгаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

41 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох,

41.1.3. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд гэжээ.

Мөн хуулийн 38.3-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно” гэжээ.

Харин түүний оронд суух төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийг хэрхэн хуульчилсан бэ. ИТХ-ын төлөөлөгч орон гарсан тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 76.2-т “Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жилийн хугацаа үлдсэн тул нөхөн сонгууль явуулах боломжтой гэсэн үг ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn