Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал руу халдах тохиолдол нэмэгдэж, иргэд, малчид болон тариаланчдын аюулгүй байдалд эрсдэл үүсээд буй. Үүсээд буй нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Улсын онцгой комисс болон Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг хэллээ.
Хүрэн баавгай сууршьлын бүсэд орж ирсэн тохиолдол Сэлэнгэ аймгийн 10 суманд бүртгэгдээд байгаа бөгөөд есдүгээр сарын 15-ны байдлаар нийт 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 146 толгой мал баавгайд бариулжээ.
Баавгай зөвхөн малын хот, хашаанд орж мал барих бус, иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлөх болсон байна. Тухайлбал, хадлан бэлтгэл болон тариалангийн ажилд гарч буй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч, зарим иргэн гэр, орон байрандаа ч хэвийн амьдрах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Түүнчлэн Хүдэр суманд баавгай айлын гэрт орж, улмаар гэрийг сүйтгэж, нураасан тохиолдол гарсан байна.
Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын алба хаагчид болон багийн дарга нарыг баавгайн эргүүлд гаргах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, баавгайг үргээх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.
Гэвч эдгээр арга хэмжээ нь тухайн үеийн нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн, түр хугацааны арга хэмжээ болж байгааг аймгийн Засаг дарга онцоллоо. Баавгайн идэвхжил нэмэгдэж, тохиолдлын тоо өсөж байгаа энэ үед орон нутгийн түвшинд дангаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгаа тул улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Тухайлбал, сум орон нутгийнхан эргүүл, үргээлэг хийхэд шатахууны хомсдол, хүндрэл үүсгэж байгааг дурдав.
Иймд Сэлэнгэ аймгийн удирдлагаас Улсын онцгой комисс болон Засгийн газарт нөхцөл байдлыг анхааралдаа авч, баавгайн идэвхжилтэй холбоотой эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг хүсжээ.
