Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдрийн хурлынхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга, УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл “Засгийн газраас хэрэгжих боломжгүй, залилангийн төсөв өргөн барьсан. Төсөв батлагдахгүй бол Ардчилсан нам руу буруугаа чихэж, хэрэгжих боломжгүй төсөв өргөн барьж, буруутныг нь Ардчилсан нам руу чихнэ гэсэн ийм л залилангийн төсөв баталсаар ирсэн, эрх баригчид. Тэтгэврийнхийг, төрийн албаныхан, аж ахуй нэгж, бизнесүүдийн хууран мэхэлж байна. Үүнийг батлахгүй бол Ардчилсан нам ард түмний эсрэг байна гэсэн пиар хийнэ. Ийм л төсвийн тодотгол өргөн барьж, Ерөнхий сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн сургуульд ашиг сонирхол шингэсэн төсөв өргөн барьсан нь ил боллоо. Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн хавраас хойш ардын хүүхдийн амь нас үнэгүй болсон, эрх баригчдын явуулж буй бодлого шийдвэр үр дүнгүй байгааг бид хэлсээр, ярьж, шүүмжилсээр ирсэн. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Н.Учралыг огцруулна, үүний тулд Ерөнхий сайд Н.Учрал өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ир гэсэн шаардлагыг тавьж ажиллахаар болсон.

Яг үнэндээ оруулж ирсэн төсөвт парламентын гишүүд нь Н.Учралд итгэж байна уу, танхимын сайд нар Н.Учралд итгэж байна уу, өөрөө бас сайд нартаа итгэхгүй, кабинитын зарчимгүй ажиллаж байгаа учраас өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ир. Мөн Н.Учралын танхимын сайд нар нь ял наймаалцдаг нь ил болж байна, Гадаад хэргийн сайд нь гадаад паспортыг өөрийн компаниар хэвлүүлдэг, Зам тээврийн сайд нь хувийн төмөр зам барьж, луйвардсан асуудал үүсч байна, Хэрэг эрхлэхийн сайд нь 110 сая ам.доллар авсан гэх асуудал үүсэхэд чимээгүй сууж байна, Ерөнхий сайд нь өөрөө ашиг сонирхлын зөрчилд холбогдож байгаа нь өөрөө энэ Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирж, үүний тулд Ардчилсан намын нийт гишүүд ажиллах ёстой гэсэн Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Мөн Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг 43 их наядын төсвийн тодотголыг өргөн барьсан ч хавар өргөн барьсан Төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчсөн, төсвийн хүрээг өөрчилнө гэдэг зарчмаар төсөв өргөн барьсныг УИХ-ын дарга хүлээж авсан нь хууль зөрчсөн гэж үзэж, Цэцэд хандсан байгаа” гэсэн.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Өмнө нь намын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр Н.Учралын Засгийн газрыг огцруулах бичигт би гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь Ерөнхий сайд Н.Учралыг томилогдоход залуу хүний хувьд итгэж, найдаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Би тэр итгэл үнэмшил дээрээ байгаа. Тиймээс Н.Учралаас асуумаар байна, Та намын дарга хэвээрээ юу, хариуцлага тооцно гэсэн яасан бэ, Хотын дарга асан Х.Нямбаатарт хариуцлага тооцно гэсэн яасан бэ гэдэг дээр одоо ч итгэл үнэмшил хэвээр байгаа. Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг, намын бодлогыг дэмжээд, дагаад явна. Үүн дээр Ардчилсан намын бүлэг нэгдсэн байр суурьтай явах ёстой гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор УИХ-д нэг ч зүйл заалтын талаар мэдээлэл өгөөгүй. Гэтэл өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд Н.Учрал бичлэг хийж тараасан. Одоогоор Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд ямар өөрчлөлт орсон, хөрөнгө оруулалтын гэрээг яаж хийсэн талаарх мэдээлэл алга байна. Гэхдээ Ардчилсан намын зүгээс Оюутолгойн гэрээ Монголын ард түмэнд ашигтай, ногдол ашгийн бодлого яаж хувиарлах, ямар бодлого барьж байгаа талаар бидэнд ямар нэг мэдээлэл алга байна” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ардчилсан намын бүлгээс Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Энэ бичгээ яагаад өргөн барихгүй байна вэ?

АН-ын дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгээс Ерөнхий сайдад маш эелдгээр боломж олгож байна. Та үнэхээр УИХ-аар орж ирээд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал орж ирвэл парламентаар төсөв батлагдана. Энэ боломжийг ашиглахгүй бол огцруулах албан бичгээ өргөн барина”.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Монголын төр ард түмний итгэлийг авч байх ёстой. Бидний харж байгаагаар Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмууд зөрчигдөж, 2026 оны төсвийн тодотгол нь нэг жилийн дотор 25 хувийн өсөлттэй, биелэгдэх боломжгүй төсөл байна. Зарим улсад төсөв нь парламентаар батлагдаж чадахгүй бол Ерөнхий сайд нь өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирдэг. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчиж байна, төсөв эдийн засгийн хувьд бодлого болж харагдахгүй, мөн кабинитын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа учраас Н.Учралын Засгийн газар боловч Монголын төр юм. Ард түмнийхээ итгэлийг авахын тулд бодлогоо олонхиор дэмжүүл, тэгж чадвал энэ Засгийн газар цаашаа явна, үгүй бол энэ Засгийн газар ажиллах боломжгүй гэсэн үг. Ардчилсан намаас ийм л зарчмын шаардлага тавьж байгаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn