Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй.
Нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн дансаар 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон цагдан хоригдож, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байна.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, мөн өмнө нь Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах“ зүйл ангиар шалгаж эхэлжээ
Энэ сарын 9-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд Л.Хосбаярыг цагдан хорих санал ирсэн боловч шүүхээс татгалзаж шийдвэрлэжээ. Л.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн үндэслэлээр шалгаж буй.
Тус заалтад “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Л.Хосбаяр нь эдүгээ НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн ажилтай нэгэн аж.
