Б.Найдалаа эрчим хүчний салбарын доройтлыг Ц.Даваасүрэнгийн “Гацаасны гай“ гэлээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлүүдэд ярихдаа “ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан” хэмээн ярьсан.

Түүний энэхүү мэдэгдлийг сонссон олон хүн буруушаасан. Тэр дунд одоо эрчим хүчний салбарыг удирдаж байгаа сайд, УИХ-ын гишүүн Б.Найдалаа бас байлаа.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Гацаасны л гай даа, өөр юу байхав. Харамсалтай. Энэ ярилцлагад маш олон хоорондоо илт зөрчилтэй, ярьснаа тэр дор нь үгүйсгэсэн санаанууд ямар нэг утга логикгүй урсаж байна. Судлаачид, мэргэжилтнүүд үзэж дүгнэлт анализ хийнэ биз. Зорилго нь эрчим хүчний асуудлын гаргалгаа шийдэл биш зүгээр л гацаах, үгүйсгэх, мушгих бололтой. Монгол Улсад эрчим хүчний төслүүд яагаад гацчихдаг байсан нь, яагаад ийм хүнд байдалд орсон нь ойлгомжтой. Одоо Монгол Улс гацаж зогсохгүйгээр урагшилмаар байна” хэмээх байр сууриа “Х”-ээр дамжуулан илэрхийлээд байна.

Мөн Ц.Даваасүрэнгийн илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр “Эрчим хүчний статистик, дүн шинжилгээ хийдэг IEA, Ember зэрэг олон улсын байгууллагын мэдээлснээр, 2025 онд нийт цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч (34%) нүүрснээс (33%) анх удаа давсан аж. 2030 онд дэлхийн цахилгааны 50% нь сэргээгдэх эх үүсвэрээс гарах төлөвтэй. Дэлхийн хандлагаа дагах нь зөв. ЦД бол үүнийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Сонирхол нь өөр” хэмээн “Х”-ээр хариу барилаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn