Энэ оны төсвийн алдагдал хоёр их наядыг аль хэдийнэ давсан тул Засгийн газраас төсвөө 1.4 их наядаар танаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсний дагуу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэх гэж байна.
Уг төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлтээ Үндэсний аудитын газраас нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголд орж буй голлох өөрчлөлтүүд нь урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн эсэхийг үнэлжээ.
-Суурь тэтгэврийн өөрчлөлт нь урт хугацаандаа хүний хөгжил, нийгмийн хамгаалал, амьдралын баталгаа, орлогын тэгш бус байдлыг бууруулах чиглэлтэй нийцэх бол богино хугацаанд “Ахмад өрхийн орлогын бууралт, ядуурлын түвшин, хэрэглээний бүтэц, 435 мянган хүний дотор бодит дэмжлэг зайлшгүй шаардлагатай бүлгийн эзлэх хувь болон 2026 оны 11-12 дугаар сард бүх ахмадад олгохоор хугацааг 2 сар наашлуулна” гэж үзжээ.
Харин аудитаас “Урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн боловч богино хугацааны зорилт нь макро эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн тооцоо хангалтгүй” гэж дүгнэжээ.
-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигдрүүлэх нь урт хугацаанд “Эрүүл мэнд, боловсролын чанар, хүний хөгжил, төрийн үйлчилгээний хүртээмжийг дэмжинэ” гэсэн бол богино хугацаанд “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгана” гэжээ.
Аудитаас “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь үнийн өсөлтийн дарамт, инфляц нэмэгдэх эрсдэлтэй” гэж дүгнэсэн байна.
-“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр нь алсдаа чанартай, хүртээмжтэй боловсролтой шууд нийцэх бол богино хугацаанд “Гэрт ойрхон сургууль – хамгийн сайн сургууль” арга хэмжээний хүрээнд 9.9 мянган суралцагч, 500 анги бүхий 22 сургуулийн байр түрээслэхээр тооцоолсон байна.
Гэвч энэ нь төсвийн зарлага тэлэхэд нөлөөлнө гэж аудитын байгууллагаас дүгнэжээ.
Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, эрчим хүчний талаар хэрэгжүүлж буй бодлого нь төсвийн зарлагыг тэлэхэд нөлөөлнө гэж дүгнээд байна.
