Косүкэ Машияма: Би олимп, дэлхийн аварга болж, Япон, Монгол, дэлхийг холбох гүүр болно

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан иргэншлээ сольж байгаагаа зарлаад буй. Монгол Улсын төлөө дэлхийн аварга болон олимпын наадамд өрсөлдөхөөр 27 настай жудоч тэрбээр шийдсэнээ ийн дуулгалаа.

Косүкэ Машияма “Би Монголын иргэншил авч, дэлхийн тавцанд Монголын нэрийн өмнөөс өөрийгөө сорихоор шийдлээ” гэж мэдэгдээд байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу иргэншлээ сольсон Косүкэ Машияма ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл Монголын төлөө барилдах боломжгүй байгаа.

Японы нийслэл Токиод төрсөн Машияма долоон настайгаасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэж, -90 кг-ийн жинд Японы шигшээ багийн тамирчин болсон. Гэвч түүний жинд Японд Санширо Мүрао, Цүёши Тажима нар барилддаг. Тиймээс жин доторх өрсөлдөөний улмаас Машияма санасан хэмжээндээ барилдаж, олон улсад тодорч чадаагүй энд хүрчээ. Ингээд эцэст нь Монголыг сонгосон нь энэ.

Косүкэ Машияма нь 2021 болон 2022 оны дэлхийн аваргын багийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн.  2019 оны Азийн аваргад түрүүлсэн амжилттай нэгэн.

Санширо Мүраод дарагдсан тэрбээр нэг хэсэг -100 кг-д хүч сорьсон ч амжилтад хүрээгүй тул эргэн -90 кг-д барилдаж байгаа ажээ.

Машияма “Би сорилтыг хүлээн авч, дэлхийн шилдэг болно. Би Монголын иргэншил авахаар шийдсэн. Энэ бол зөвхөн миний тамирчны замналаа бодож гаргасан сонголт биш ээ. Цаашдын замнал, амьдралаа бодож хариуцлагатайгаар гаргасан шийдвэр.

Надад Монголтой холбоотой гарал, угсаа байхгүй. Харин оюутан байхдаа тогтоосон холбоо бий. Надад энэ боломжийг олгосон Монголын жүдо бөхийн холбоонд талархаж байна. Уулзалтад маш олон хүн оролцож, энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Би дахин нэг удаа дэлхийн шилдэг болохыг зорьж байна. Би олимп, дэлхийн аварга болно. Тиймээс л би энэ замыг сонгосон. Би Япон, Монгол, дэлхийг холбох гүүр болно” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn