УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, 2026 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулган зарлахаар боллоо. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит бус чуулган хуралдуулах талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Энэ сарын 7-ны өдөр ээлжит бус чуулганыг эхлүүлж, төсвийн тодотголыг хэлэлцээд 9 дүгээр сарын 14-нд хаана” гэв.
Улмаар намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээх юм.
АН-аас ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотгол хэлэлцэхийг шаардаад байсан билээ.
Ээлжит бус чуулган хуралдах тухайд УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь “Засгийн газраас улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Улсын төсвийн орлого биелэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой. Тийм учраас есдүгээр сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулна. Одоогоор есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ингэснээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна. Тэр болтол тодорхой бэлтгэл хангах ёстой. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх саналыг тавьж байгаа. Хэрэв тийм бол 42 гишүүн гарын үсгээ зурж, ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа гаргах боломжтой. Миний хувьд ээлжит бус чуулган хуралдуулах саналтай байгаа” гэж байлаа.
