АН ээлжит бусаар УИХ-ын чуулган хуралдах ёстой гэлээ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг тус намын удирдлагууд танилцуулна.

АН-ын дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал ямар болж байгаа талаарх мэдээллүүд их гарах болсон. Тийм учраас Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, тодорхой асуудлуудыг ярилцлаа. Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим хүч болон түлш шатахууны аюулгүй байдлыг хангах чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ер нь улс орны нөхцөл байдлыг харахад эрх баригчид ард иргэдэд ганцхан зүйлийг л ярьж байна. Тэдний зүгээс “Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас хэцүү байна” гэдгийг хэлж байна. Би ганцхан тоо яръя. Одоогоос 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан бол нэг баррель нефть 120 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед ажиллаж байна. Одоо нэг тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн туршид 100 ам.доллараас дээш үнэтэй байгаа бол нэг баррель нефтийн үнэ 170 ам.долларт хүрсэн.

Тэгэхээр ийм таатай нөхцөлд эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж улс орныг доройтуулж байна. Зөвхөн 2026 оны хоёр, гуравхан сарын дотор ард иргэдийн амьжиргаа хэд дахин буурлаа.

Үнийн өсөлт чинь нэг дахин өслөө. Улсын төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарч байна гэнэ. Үүний цаана бизнес эрхлэгчид дампуурч байна гэсэн үг. Татвар төлөгчид нь татвараа төлж чадахгүй, дампуурч байна. Мөн дээр нь Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ нэмсэн. Үүний цаана аж ахуйн нэгжүүд зээл санхүүгийн эх үүсвэргүй болж, хаалгаа барина гэсэн үг. Ийм нөхцөл байдалд орлоо. Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс бид зөвхөн шүүмжлэхгүйгээр шийдэл гаргах үүднээс УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, ээлжит бусаар УИХ-ын чуулган хуралдах ёстой.

Гуравдагч хөршөөс бензин шатахуун оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудлаа шийдэж чадсан уу. БНХАУ-аас 10 вагон шатахуун ирэхэд ачиж, буулгах анги байхгүй, тээвэр ложистик нь байхгүй. Одоогийн Ерөнхий сайд нь өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн, нар, саран дээрээс ирсэн үү, өнгөрсөн 10 жил хэн засагласан юм бэ. Өнөөдрийн Ерөнхий сайд хаана явсан юм бэ. Мөн УИХ-ын дарга болон Эдийн засаг, хөгжлийн сайд нь хаана ажиллаж байв. Чухам хэнээс бурууг хайж байна вэ. АН-ын бүлгээс ямар нэгэн гарц шийдэлгүйгээр мунгинаж сууж шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс НӨАТ-ыг тав хүртэлх хувиар бууруулах ёстой зэрэг олон асуудлыг хэлэлцсэн.

Тэрбээр “Яг үнэндээ гуравдагч хөршөөс нефть шатахуун худалдаж авах байдлыг бүрдүүлье гэж ярьж байгаагийн цаана Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг хөндөх ёстой юм байна. Одоо БНХАУ-аас нарийн царигтай төмөр замаар ачаа бараа ирээд Замын-Үүд, Эрээн дээр шилжүүлэн ачих байгууламж нь хангалтгүй хэчнээн тонн бараа бүтээгдэхүүн ирээд, хүлээж авах боломжгүй. Бас өргөн цаигтай төмөр замын асуудал байдаг. Замын-Үүд-Эрээн-Чойр-Багахангай хүртэл нарийн царигтай төмөр замаар огтолцохгүйгээр тээвэр ложистикийн асуудлыг шийдвэл олон асуудлыг бүрэн шийдэх боломжтой.

Ардчилсан нам ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлээд улс орон даяар “Өөрчилье” гэдэг үндэсний хөдөлгөөнийг зарлана. Болж байгаа салбар, бүтэж байгаа ажил байна уу. Хэрвээ байхгүй бол өөрчлөлт хийх санал, шийдлүүдийг гаргая. Энийг Ардчилсан нам бодлогын баримт бичгийн түвшинд улс даяар олон нийт, иргэний нийгэм рүүгээ хандан бодит ажил болгож, хийнэ” гэв.

-Нийслэлийн төсөвтэй холбоотой танаж, бууруулах асуудал орж ирсэнгүй. Тэнд ямар ч хяналт алга. Нийслэл гэдэг вант улсыг дэг журамд оруулах хуулийн төслийг АН-ын бүлгээс санаачлах уу?

-Бид асуудалд ажил хэрэгчээр хандая гэж байгаа. Улсын төсвийн тодотголыг өргөн барьж байна. Ирэх оны төсвийг 2026 оын есдүгээр сарын 1-ний дотор өргөн баригдана. Бид төсвийг авч, хянаж шалгана. Засгийн газар 2025 оны төгсгөлөөр 2026 оны нэг их наяд төгрөгийг урьдчилан авч, зарцуулчихсан. Өнөөдөр 2026 оны эхний хагас жилд төсвийн орлого 2 их наядаар тасарчихсан. Энийг хэрхэн зохицуулаад байна вэ. Засгийн газар аль хэдийнэ Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Одоо нүглийн нүдийг гурилаар хуурсан төсвийн тодотгол өргөн барьж байна уу. Эсвэл бодлогын алдаандаа дүгнэлт хийсэн төсөв өргөн барьж, бүтцийн өөрчлөлт хийж байна уу. Хулгай хийж, худлаа хэлж, хууль зөрчсөнөө бичилтээр өөрчлөх төсөв өргөн барьсан эсэхийг цаасаар хүлээн авч байж дүгнэлт хийнэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn