Төр зардлаа хэмнэн, төсвийг 1.4 их наядаар танана

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ. 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг ийн өргөн мэдүүлсэн.

2026 оны 7 дугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа гэнэ.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байгаа. Монгол хүн, монгол айл өрх, Засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүхнээрээ амсаж, мэдэрч тулгарч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж ашиг багассан.

Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нь багассан, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрч байна. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мөнгө хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа. Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон.

Төсвийн орлого төсөөлнөөс 2.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаан эдийн засгийн тооцоолол гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Төр зардлаа хэмнэж, бүсээ чангална. Хэмнэсэн төсвөө цалин, тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйл зарцуулна. Төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна.

Томилолт, сургалт сурталчилгаа, эд хогшил, машин тэрэг, баяр ёслол, шагнал урамшуулал зэргийн зардлыг бүхлээр танаж байна. Урсгал зардлаас 433.4 тэрбум,   нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэхээр оруулж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулсан. Бүх сайдын нарын зардлыг  бууруулж байна. Сайд нар зөвхөн цалингаа тавиад, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Нөгөө талдаа ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ.

Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна. Эрчим хүчний салбарт зохих арга хэмжээнүүд авна. Энэ салбарт алдагдалтай ажиллаж байгаа.

Иргэдэд үнийн өсөлтийн дарамт үүсгэхгүйн тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгож, засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг тавьж өгч байна. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гэрт ойр сургууль хөтөлбөр хэрэгжүүлж, нэг ангид 35-аас доош хүүхэд суух нөхцөл бүрдүүлнэ. Шаардлагатай төсөв нь 50 тэрбум төгрөг байна” хэмээлээ.

Мөн, 2026 онд төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ажлаа Засгийн газар үргэлжлүүлэх бөгөөд 2026 онд хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоов. Гэрээ байгуулаагүй 32 төслийн 118,6 тэрбум, багцад нь хуваарилсан ч гэрээгүй 103,3 тэрбум, худалдан авах ажиллагааны хэмнэлт 29,4 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Шүүхийн маргаантай 4 төслийн 21,2 тэрбумын санхүүжилтийг зогсоохоос гадна төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн төсөвт өгөх ноогдол ашгийг 1.6 их наядад хүргэнэ гэв.

Төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, үр өгөөжийг нь өсгөж нэмэх, үржүүлж арвижуулахаар хувьцааных нь 20 хувийг төвлөрүүлэх гэнэ.

Түлш шатахууны хомсдол тасалдлыг сөрж Засгийн газар 327 дугаар тогтоолоор бензин, керосин, газрын тос үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүнийг ирэх оны 2 дугаар сарын 5-ныг хүртэл гаалийн албан татварыг нь тэглэсэн. ОХУ болон БНХАУ, БНСУ-тай идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, тусгай хэлцэл хийж, түлш шатахууны нөөц савтай болох дуусдаггүй олон жилийн яриаг дуусгаж байгаа.

Олон эх үүсвэртэй болох, 2 жилийн туршид 20 хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт дахин сэргээж, Ерөнхий сайдын шууд хяналтад авч, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн тоног төхөөрөмжүүдээ угсарчээ. Түлш шатахууны хомсдолд Орос, Украин, Ормузын хоолойн хурцадмал байдал нөлөөлсөн ч өөрөөсөө хамаарах бүхнийг Монгол Улс хийх ёстой, зөвхөн ойрын өдрүүдийн оочер, импорт биш өөрөө үйлдвэрлэх, нөөцлөх, олон эх үүсвэртэй болох хэтийн хараатай, багц асуудал гэдгийг олон түмэн ойлгож байгааг Ерөнхий сайд хэллээ.

Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэнийг Ерөнхий сайд онцолсон.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn