Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцын хүрээнд аргаль бүхий улс орнууд хамтран олон улсын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Конвенцын зүгээс уг төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, улс орнуудад дэмжлэг үзүүлэх, зохицуулах үүрэг бүхий байгууллагаар Германы байгаль хамгаалах холбоо олон улсын байгууллага болох “NABU”-г сонгосон.
Тус байгууллагын төлөөллийг БОУАӨЯ-ны албаныхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад аргаль хамгааллын 2024–2032 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “NABU” байгууллагыг төлөөлөн, олон улсын зохицуулагч Халил Каримов (Khalil Karimov) оролцлоо.
Монгол Улс аргаль хамгааллын үндэсний төлөвлөгөөг боловсруулан баталж, тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, тодорхой ашиглалтын нөөц бүхий газрыг агнуурын бүсэд хамруулж, менежмент хариуцагчид хариуцуулан судалгаа тооллогын дүнд үндэслэн тогтвортой ашиглалтыг явуулж байгаа болон хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулсан юм.
Монгол Улсад аргалийн популяцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах, тархац нутаг болон амьдрах орчныг хамгаалах, нүүдэл шилжилтийн зам, экологийн холбоос нутгийг хадгалах, судалгаа, мониторингийн тогтолцоог бэхжүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн чухал байгааг онцоллоо.
