БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр КОП17 болох талбайд байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөлтэй уулзлаа.
Тэрээр энэ үеэр дараах мэдээллийг өглөө.
Ц.Сандаг-Очир:
Цөлжилт, газрын доройтол, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа тэргүүлэх дөрвөн төсөл хөтөлбөрийн нэг нь Онги Цагаан Бургастайн төсөл буюу говь руу ус аваачих төсөл юм. Энэ төслийн ТЭЗҮ хийгдээд явж байгаа.
Саяхан Бусанд болсон ЮНЕСКО-гийн хуралд Эгийн голын төсөл нэлээн асуудал боллоо. Энэ төсөл ер нь ямар түүх, замналтай юм, манай улсад болон ОХУ-д ямар ач холбогдолтой юм, хоёр улсын нэгдэж байгаа, нэгдэхгүй байгаа байрсуурь юу вэ гэх мэтээр асуусан.
Иймэрхүү асуудлуудыг КОП-ын үеэр 12 хоног хэлэлцэнэ.
Тийм учраас эрдэмтэн, судлаач Та бүхний олон жил хийсэн нотолгоонд суурилсан төслүүдээ энэ өдрүүдэд танилцуулах, туршлага солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх боломж гарч ирж байгаа юм.
Энэ боломжийг маш үр дүнтэй ашиглаж, даргалагч орны хувиар дараагийн хоёр жилд тогтвортой хэрэгжих төслүүддээ санхүүжилт олох нь чухал. Магадгүй бид бүхний хүсэн хүлээсэн хүлээлтэд нийцэхгүй шийдвэр, бодлого гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид бүхэн зүгээр суухгүй. Аль болох одоо бүх чадлаараа санал, санаачилга гаргаж, түншлэл, хөрөнгө оруулалтыг бий болгохын төлөө ажиллана. Энэ нь эргээд манай улсын газар газрын доройтол, бэлчээр бэлчээрийн хомсдол, усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлыг бууруулах, малчдын амьжиргааг тэтгэнэ.
Энэ үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын оролцоо туйлын чухал байна.
