ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, таван мянган тонн онгоцны түлш нийлүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлыг шийдсэн талаар мэдээлсэн. Г.Дамдинням “Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Москва дахь албан томилолт үр дүнтэй үргэлжилж байна. ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэлээ.

Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, таван мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов. ОХУ өөрөө түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна.

Одоо тохирсон шатахууны ачилт, татан авалтыг нэн яаралтай зохион байгуулна. Хүнд цаг үед хөрш улсаа дэмжин, хамтарч буй ОХУ-ын Засгийн газар, холбогдох байгууллага, компаниудад талархал илэрхийлье” гэсэн юм.

Толгойт, Рашаант, Дархан өртөөнүүдэд 44 вагон АИ-92 автобензин бууж, ШТС-уудад тээвэрлэлт хийгдэж байгаа мэдээллийг албаныхан өгсөн. Түүнчлэн ОХУ-ын гааль дээр шатахуун ачсан галт тэрэгнүүд удаан хугацаанд саатаж байна гэсэн үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан онцлоод Монгол улс руу ачилт хийсэн шатахууныг төмөр зам болоод авто замаар ямар ч саадгүй нэвтрүүлж байгаа гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn