Торгоны замын цуваагаар бэлчээрийн экосистем ба малчдын ирээдүйг дэлхийн дахинд таниулна

Бэлчээрийн экосистемийг хамгаалах, малчдын амьжиргааны онцлог, ач холбогдлыг олон улсад сурталчлах зорилготой “Торгоны замын цуваа” дэлхийн санаачилга аяллаа Монгол Улсаас эхлүүллээ.

Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын угтал болгон тус цуваа 6000 км замыг туулан Монголд иржээ.

Аяллын бага бүрэлдэхүүн Дундговь, Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар долоо хоногийн турш аялж, говь, хангай, тал хээрийн бүсийг дамжин нүүдэлчин малчид, эрдэмтэд, орон нутгийн удирдлага болон малчдын хоршоодтой уулзаж, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцах юм.

Энэхүү аяллын маршрутад Хустайн байгалийн цогцолбор газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад орсон Өгий нуур зэрэг түүх, байгалийн чухал дурсгалт газрууд багтаж байна. Оролцогчид Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж буй сайн туршлагатай танилцаж, “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийн хүрээнд болох үйл ажиллагаанд оролцоно.

НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба малчдын олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй энэхүү цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх зорилготой юм. Төрkiyэ (Турк) улсаас өнгөрсөн тавдугаар сард гараагаа эхэлсэн тус аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ-аар дамжин, газрын нөхөн сэргээлтийн туршлага солилцон орон нутгийн иргэдтэй уулзжээ.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад “Торгоны замын цувааны аяллын турш бид орон орны иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Нэгэн энгийн үнэн дахин батлагдсан нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь ХҮН өөрөө юм. Нөхөн сэргээх ганцхан загвар гэж үгүй. COP17-ийн үеэр бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн бодит ажил болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулах явдал юм” хэмээн ярив.

 Монголын тал нутаг олон мянган жилийн турш Евразийг холбосон хүмүүс, соёл, үзэл санааны урсгал байсаар ирсэн. Монгол нутгийн 70 орчим хувийг эзэлдэг бэлчээр нь хүн амын гуравны нэгийнх нь амьжиргааг тэтгэж, дэлхийд үлдсэн хамгийн том нүүдлийн мал аж ахуйн экосистемийг бүрдүүлдэг.

Гэвч байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн доройтол гүнзгийрч, шороон болон элсэн шуургатай өдрийн тоо 1960-аад оноос хойш гурав дахин нэмэгдээд байна. Тухайлбал, 2023–2024 онд тохиосон зуны ган, өвлийн зудны улмаас 7 сая гаруй толгой мал хорогдсон нь уур амьсгалын эрс тэс үзэгдэлд малчид хэдий хэр эмзэг байгааг харуулсан юм.

Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмжин, асар их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулдаг. Гэвч дэлхийн нийт бэлчээрийн тэн хагас нь хэдийн доройтолд орсон нь био олон янз байдал, хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Тус аяллын турш хуримтлуулсан туршлага, шийдлүүдийг COP17 хурлын үеэр дэлхийн хэмжээнд хэлэлцэх юм.

“Грийн Голд” Монголын бэлчээр судлалын нийгэмлэгийн мал үржлийн мэргэжилтэн А.Ган-Очир “Монголын бэлчээр нутагт өсөж торнисон хүний хувьд Узбекистан, Казахстанаар аялж, амьдралын хэв маяг нь өөр атлаа мөн чанартаа тун адилхан малчидтай уулзсан нь урам зориг өглөө. Очсон газар бүрээс бид шинэ зүйл суралцсан. Тэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын зэрэгцээ уламжлалт зан заншлаа хэрхэн хадгалж байгааг харлаа. Одоо хуримтлуулсан мэдлэг, туршлагаа COP17-гийн үеэр хуваалцах үлдээд байна” хэмээн хэлэв.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn