Алтан ургийн тайж Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байна.
Энэ хүрээнд орчин үеийн Монголын утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн: Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, мөн тусгай үзэсгэлэнг нь өнөөдөр Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд дэлгэж, олон нийтийн хүртээл болголоо.
Үзэсгэлэнд Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, үйл ажиллагаа, уран бүтээл, эрдэм шинжилгээний өвийг цогц байдлаар харуулах зорилгоор эд өлгийн зүйл 30, гар бичмэл 10, судлалын ном 50, гэрэл 30, архивын баримт 20 зэрэг бүтээлүүд багтсан байна.
Үзэсгэлэн нь архив, музей, номын сан болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хадгалагдаж буй ховор баримт, гар бичмэл, гэрэл зураг, ном хэвлэл, эд өлгийн зүйлсийг нэг дор цогц байдлаар дэлгэн үзүүлсэн “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэн энэ сарын 13-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй.
Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Д.Нацагдорж: Намтар, соён гэгээрэл, нийгмийн шинэчлэл ба олон улсын харилцаа, Д.Нацагдоржийн уран бүтээл: Судалгааны шинэ чиг хандлага ба хэл, утга судлал зэрэг сэдвүүдээр хуралдааныг хэлэлцүүллээ.
Уг хурлыг ССАЖЗЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Монголын Зохиолчдын Эвлэл, Төв аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хуралд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон Улс зэрэг улс орнуудын эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд, хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа өргөн хүрээтэй болж байна.








Эх сурвалж. Чингис хаан музей
