Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Орж ирж буй шатахууны хэмжээг аль болох олон иргэнд хүртээмжтэй хүргэж, бухимдлыг бууруулах зорилгоор хязгаарлагдмал нөөцийг зөв зохистой түгээх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд Улаанбаатар хотод энэ сарын 15-ныг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар шатахуун түгээнэ. Мөн саванд шатахуун олгохгүй, нэг автомашинд 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгож байна.

Эхний өдрийн байдлаар шатахууны хүртээмж 202.6 хувиар өссөн. Шийдвэр гарахаас өмнө өдөрт 38 мянган автомашинд шатахуун түгээдэг байсан бол өчигдрийн байдлаар 115 мянган автомашинд шатахуун түгээсэн байна.

Шатахуун түгээх станцын 5 тонн багтаамжтай сав өмнө нь 167 автомашинд хүрэлцдэг байсан бол одоо 400 автомашинд хүрэлцэж байгаа нь хүртээмжийг дөрөв дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Мөн дараалал багассанаар замын түгжрэл ч буурсан. Бүх ШТС-ын дарааллыг харуулах аппликейшнийг яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээг авч байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байна.

Газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөлтэй 200 орчим аж ахуйн нэгж байдаг ч тэдгээрийн 20 орчим хувь нь л импорт хийж байна. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүнийг шуурхай импортлох чиглэлээр нээлттэй гаалийн бодлогыг Гаалийн ерөнхий газарт хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Боломжтой бол иргэд өөрсдөө ч газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжтой. Аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан тохиолдолд хил, гаалийн байгууллагаас хүндрэл учруулахгүй. Мөн бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн.

БНХАУ-аас нийлүүлэх шатахууны үнэ ОХУ-аас авч буй үнээс хоёр дахин өндөр байгаа бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг литр тутамд 5600 төгрөгт хүрч байна. Одоогийн байдлаар Засгийн газрын гол зорилго нь шатахууны хангамжийг тогтворжуулах бөгөөд үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн БНСУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнд улсын нийт шатахууны хэрэгцээний 20 орчим хувийг нөөцлөх боломж бүрдсэн” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn