Өр төлбөр нэмэгдсэн тул хэмнэлтийн горим хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд танилцууллаа.

Сангийн сайд З.Мэндсайхан “Бүх шатны төсвийн захирагчдын батлагдсан төсвөөс юуны өмнө цалин, тэтгэвэр, онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол зэрэг зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бүрэн олгоно. Харин Засгийн газрын тогтоолоор гуравдугаар эрэмбэд хамаарах, хэмнэж болох бүх зардлыг хэмнэнэ.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, шатахуун, түлшний гол нийлүүлэгч оронд үүссэн нөхцөл байдлын улмаас шатах тослох материалын нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтэд хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргалаа.

2026 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зарлага 16.7 их наяд төгрөгт хүрч, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна.

Улмаар оны эцэст цалин, тэтгэвэр болон төрийн үйл ажиллагааны санхүүжилтэд доголдол үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар бүх шатанд хэмнэлтийн горим хэрэгжүүлэхээр болсон. Төсвийн тэнцлийн алдагдал үүсэхэд 2025 оны өр төлбөрийг төсвөөс санхүүжүүлсэн, мөн багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор цалингийн зардал өссөн нь нөлөөлсөн.

Эдгээр асуудлыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуультай уялдуулан улсын төсвийн тодотгол хийнэ.

Засгийн газар эдийн засгийг төсвийн хямралд оруулахгүй байх бодлого баримталж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд санхүүгийн дарамт учруулж байгаа. Дэлхий нийтэд газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, манай гол нийлүүлэгч ОХУ дайны нөхцөл байдалтай байна.

Тиймээс хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлээр тогтоол гаргасан. Ялангуяа 2027 оны хавар төв суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр ажиллана. Энэ жилийн махны нөөцийг цахим биржээр бүрдүүлэх ажлыг Хөдөө аж ахуйн цахим системтэй уялдуулсан бүртгэлийн системээр хэрэгжүүлнэ.

Мөн агуулах, савны санхүүжилтийг улсын төсвийн тодотголоор шийдвэрлэнэ.

Махны үнэ өсөхөөр бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ дагаж өсөх хандлагатай байдаг. Тиймээс махны нөөц бүрдүүлэхээс гадна гурилын үйлдвэрлэлд зориулсан улаанбуудайн нөөц бэлтгэж, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn