COP17: 8 дугаар сарын 17-28-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийнэ
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ыг зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийхээр болжээ.
Тодруулбал, 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд нийслэлийн 5 дүүргийн COP17 зохион байгуулах бүсэд байрлах 73 цэцэрлэг, 60 сургууль хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар хангана. Энэ хугацаанд тухайн сургууль, цэцэрлэгүүдэд ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй.
Гэхдээ энэ нь хичээлийн шинэ жилийн хөтөлбөр, сургалтын үйл ажиллагааг хойшлуулах зохицуулалт биш бөгөөд 9 дүгээр сарын 1-нд хичээл, сургалт хэвийн эхэлнэ гэж холбогдох байгууллагаас мэдээлж байна.
Сургууль, цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана
COP17-ын үеэр эцэг, эх, асран хамгаалагчдад хүндрэл учруулахгүй байх үүднээс элсэлт, бүртгэл, шилжилт хөдөлгөөн зэрэг үйлчилгээг цахимаар зохион байгуулна.
- Цэцэрлэгийн бүртгэл: 8 дугаар сарын 10-23-нд E-Mongolia системээр явагдана.
- Нэгдүгээр ангийн элсэлт: 8 дугаар сарын 17-28-нд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Нэгдүгээр ангийн элсэлтийн хугацаанд сургуулиудад хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг ажиллахгүй.
- Багш, ажилтнуудыг зайнаас ажиллах нөхцөлөөр хангана.
- Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд нийцүүлэн уян хатан зохицуулна.
Ингэснээр хичээл, сургалтын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахгүй бөгөөд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Их, дээд сургуулийн хичээл мөн цахимаар эхэлнэ
COP17-той холбоотойгоор их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн эхлэлд мөн зохицуулалт хийжээ.
- 9 дүгээр сарын 1-нээс хичээл цахимаар эхэлнэ.
- 9 дүгээр сарын 14-нөөс танхимын сургалтыг эхлүүлнэ.
- Оюутны дотуур байранд 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг оруулж эхэлнэ.
COP17 нь дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд оролцдог, цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх чиглэлээрх томоохон олон улсын арга хэмжээ юм.
Тиймээс хурлын үеэр нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал болон төрийн үйлчилгээний хэвийн байдлыг хангах зорилгоор дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болж байна.
