Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ардчилсан намаас нэр дэвшин аймгийн Засаг даргаар 2024 оноос ажиллаж байсан тэрбээр уг шийдвэрийг цэвэр улс төрийн сэдэлтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Е.Зангарын мэдээлснээр, Баян-Өлгийн аймгийн засаг захиргааны зүгээс малын шүлхий өвчинтэй тэмцэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байх үе буюу өнгөрсөн зургадугаар сарын 4-нд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Зулпхар болон аймгийн МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж, Засаг даргыг огцруулах асуудлыг анх тавьжээ. Өнгөрсөн хоёр сар хагасын хугацаанд аймгийн хэмжээнд шүлхий өвчинтэй тэмцэж байхад нутгаас нь сонгогдсон парламентын гишүүд нэг ч удаа холбогдон нөхцөл байдлыг тодруулаагүйд харамсаж байгаагаа илэрхийлээд, үндэсний цөөнхийн эмзэг сэдэв цахим орчинд нэлээд анхаарал татаж буй энэ цаг үед аймаг дотроо эв нэгдлээ алдагдуулсан алхам хийсэнд гомдолтой байгаагаа мэдэгдэв.
Одоогоор Засгийн газрын зүгээс тус шийдвэрийн хууль зүйн болон албан ёсны үндэслэл, тайлбарыг олон нийтэд хараахан гараагүй байна.
Тэгвэл Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайдын уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэн шүүхэд хандахаа албан ёсоор мэдэгдлээ.
АН-ын зүгээс Засгийн газрыг өвөлжилтийн бэлтгэл, авлига болон хулгайн эсрэг бодит ажилдаа анхаарахын оронд сөрөг хүчнээс сонгогдсон албан тушаалтнуудыг улс төрийн шалтгаанаар шахан зайлуулж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хэт эрт эхлүүлж байна хэмээн шүүмжлэв. Цаашид Ардчилсан намын Улс төрийн зөвлөл болон УИХ дахь бүлэг хамтран хуралдаж, Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөс гадна хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар тууштай тэмцэхээ мэдэгдээд байна.
