Ерөнхий сайд хүнгүй хот байгуулж, дарга томилдогоо боль гэлээ

Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал баяр наадмын өдрүүд дууссан учраас өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд  шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийсэн.

Энэ хурал дээр Н.Учрал “хүнгүй хот байгуулж, дарга томилдог” хуучин сэтгэлгээнээсээ татгалзахыг үүрэгдсэн. Ерөнхий сайд “агаар, дэлхийн хот байгуулна гэж үлгэр ярьдагаа одоо боль, хээр хөдөө, хүнгүй хотын олон захирагч томилсноос өөр юу хийж байна, аймаг, нийслэлийн удирдлагууд.  Хотын дарга, аймгийн дарга нар хүн байгаа газраа л дэмж, хүн хаана амьдарч байна тэнд амьдрал аваач” гэлээ.

Ерөнхий сайдын хэлсэн шиг дарга томилогдсон ч хүнгүй Хархорум, Хүннү зэрэг хотууд бий.

Хархорум хотын захирагчаар нь Зам тээврийн сайд асан Л.Халтар ажиллаж байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-аас “Хархориум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийг баталж, үүний дагуу тус хотын захирагчаар Л.Халтарыг томилсон.

Л.Халтарын хувьд Хархорум хотыг сэргээн байгуулж, цогц үйлдвэрлэлтэй, эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх зорилготой.

Өнгөрсөн 2025 оны нэг сард Хүннү хот байгуулах шийдвэрийг баталсан. Түүнээс өмнө Майдар хот барина гэдэг байсан. Одоогоор Майдарын нэг хөшөөт байшин л баригдаж байгаа. Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар байгуулж эхэлсэн гэдэг.

Хүннү хотын захирагчаар Соёлын дэд сайд асан М.Батбаяр ажиллаж байгаа. Хүннү хотыг Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулах  бөгөөд  үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн зангилаа төв болохыг зорилготой гэдэг.

Тус хотод олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн агаарын каргоны бүс, банк санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болох боломж нээгдэнэ гэж тооцоолж буй.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn