Л.Энх-Амгалан: Удаа дараа чанаргүй барилга барьсан 26 компанийг хар жагсаалтад оруулсан

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийлээ. Уг хурлаас гарсан салбартайгаа холбоотой шийдвэрийн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.

Л.Энх-Амгалан “Засгийн газраас хэрэгжүүлж буй монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдолоос арилгах зургаан шинэчлэл 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэхээрээ онцлог. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль хэмээх бодлогын хүрээнд Улаанбаатарт байгаа 3000-аас дээш хүүхэдтэй, өндөр ачаалалтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль хичээлүүлнэ” гэлээ.

2026-2027 оны хичээлийн жилд 50 хотхоны бага сургуульд 26 мянган хүүхэд суралцана. Мөн 15-20 төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулахаар ажиллаж байна. Эдгээр ажлыг цэцэрлэгийн сугалааг халсан туршлагад тулгуурлан төр хувийн хэвшлийн түншлэлээр буюу хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгтэй хамтран зохион байгуулна.

2008-2014 оны үед төрөлт өндөр байсан. Тэр үед төрсөн хүүхдүүд дунд ангид суралцаж байна. Эсрэгээрээ сүүлийн жилүүдэд төрөлт буурсны улмаас СӨБ-ийн ачаалал багасаж, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 16 мянга орчмоор буурсан. Мөн газрын асуудал хүнд байгаа учраас сургуулийн барилгуудыг гурван давхраас таван давхар болгож өргөтгөх ажлыг зохион байгуулж байна.

Сургууль цэцэрлэгийн барилгыг удаа дараа чанаргүй барьсан 26 компанийг хар жагсаалтад оруулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн. Цаашид энэ компаниуд нийтийн тендерт оролцохгүй.

10-р сарын 1-нээс улс орон даяар цэцэрлэг, сургууль эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулна. Хүүхдийн нүд, шүд, зүрхний үзлэг хийнэ. Гурван жилийн өмнөх үзлэгээр гурван хүүхдийн нэг нь шүдний цооролтой, харааны гажигтай, зүрхний ямар нэг асуудалтай байсан.

Энэ хичээлийн жилээс ЕБС, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог эхлүүлэхээр ЭМЯ-тай хамтран бэлтгэл хангаж байна. Цэцэрлэгийн гурван настай, сургуулийн 6, 11, 15 настай улсын хэмжээнд нийт 270689 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна. Жил бүрийн намар цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог нэвтрүүлэхээр ЭМЯ-тай хамтарч бэлтгэл хангаж байна. Мөн сургуулийн орчинд хүүхэд өдөрт нэг аяга сүү уух хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёр литр цэвэршүүлсэн ус уух боломжийг бүрдүүлнэ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-нд танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн ЕБС, цэцэрлэгийн хичээл  сургалтын үйл ажиллагаанд хэрхэн зохицуулалт хийх талаар ирэх пүрэв гарагт Боловсролын яамнаас мэдээлэл хийх аж.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn