ДАШТ-2026: Хөлбөмбөг тойрсон улстөр

Хөлбөмбөг дэлхийн гурав, дөрвөн тэрбум хүнийг нойргүй, хагас нойртой хонуулсаар байна. Учир нь хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ ид болж, шилдэг найман багийн тулаан эхлэхэд бэлэн болоод байна.

Спорт тэр дундаа хөлбөмбөг бол дэлхийд хамгийн үнэ цэнэтэй спорт, мөн хамгийн олон үзэгч фанатуудтай нь. Урьд өмнө хөлбөмбөгийн ДАШТ тойрсон улстөр бишгүй л гарч, тэмцээний үр дүнгээс шалтгаалан дайн хүртэл гарч байсан түүхтэй.

Аргентин, Англи улсууд Флоклендын арлыг эртнээс булаалдаж ирсэн. Тэгвэл 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд учраа таарсан Аргентин-Английн тоглолт 2:1-ээр өндөрлөж домогт Марадона Английн хаалганд “бурханы гар”-аар хийсэн гоол тус арлын төлөө дайнд хүртэл хүргэсэн түүхтэй.

Тэгвэл энэ ДАШТ-2026-д урд өмнөх дэлхийн аваргуудаар тохиолдож байгаагүй улстөрийн асуудлууд гарсныг олон улсын хэвлэлүүд онцолсоор байна.

ДАШТ-ийг шүүх эрхээ авсан шүүгчийг АНУ-д нэвтрүүлсэнгүй

Энэ удаагийн ДАШТ эхлэх үеэр нэгэн томоохон шуугиан дэгдсэн. Тэр нь Африкийн 2025 оны шилдэг шүүгч , FIFA -аас ДАШТ ажиллах эрхээ авсан, хүчин төгөлдөр АНУ-д нэвтрэх визтэй Сомалийн шүүгч Омар Артаныг хил дээрээсээ буцаасан нь шуугиан тарьсан юм. ФИФА бантсандаа Артаныг наймдугаар сарын 12-нд болох УЕФА-ийн Супер цомын төлөөх “ПСЖ”-“Астон вилла” багуудын тоглолтын шүүгчээр томилсон. Мөн ДАШТ-ийн тололтуудыг шүүгээд хүртэх байсан цалин, шагналыг нь түүнд хүртээсэн. Харин мань Артан эх орондоо жинхэнэ “од” болсон.

Мексик дахь жагсаал, цуглаан нийгмийн эсэргүүцэл

ДАШТ-2026-ын нээлтийн өмнөх өдөр Мексикт баярын уур амьсгал, нийгмийн эсэргүүцэл зэрэгцэн өрнөсөн. Мехико хотод ДАШТ-ийн чимэглэл, фан фестиваль, жуулчдын хөдөлгөөн нэмэгдсэн ч багш нарын үйлдвэрчний эвлэлийн жагсаал төв талбайн ойролцоох гол хэсгүүдийг хааж, арга хэмжээ зохион байгуулахад хүндрэл үүсгэж байлаа.

Жагсагчид цалин хөлс, тэтгэвэр, боловсролын салбарын нөхцөл, алга болсон иргэдийн асуудал, хүчирхийлэл зэрэг дотоодын тулгамдсан асуудлыг Засгийн газар ДАШТ-ийн сүр дуулианаар халхалж байна гэж шүүмжилсэн.Тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын засаг захиргаа олон улсын том арга хэмжээг амжилттай зохион байгуулахаар хичээж буй ч аюулгүй байдал, улс төрийн дарамт их байлаа.

Трамп, Инфантино нарын нөхөрлөл “улаан хуудас”-ны  онигоонд хүргэлээ

ДАШТ-2026-г зохион байгуулах бэлтгэл ажил эхлэх үед л  Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-г тойрсон олон асуудал үүссэн. FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэт ойр харилцаатай байгаа нь шүүмжлэл дагуулж байлаа. FIFA-гийн дүрмээр улс төрийн хувьд төвийг сахих ёстой ч Инфантино олон улсын спортын улс төрийг нэг улсын ашиг сонирхолтой хольж байна гэсэн сэтгэгдэл тэр үеэс л олонд төрж эхэлсэн.  Энэ бол үнэхээр үндэстэй хардлага байсныг хожим нь бид дэлхий нийтээрээ харлаа.

ДАШТ-ийг зохион байгуулагч АНУ-ын шигшээ багийн гол довтлогч Фоларин Балогун хасагдах шатны эхний Босни Херцеговинатай хийсэн тоглолтын үеэр аюултай тоглолт хийж улаан хуудсаар торгуулсан. Дүрэм ёсоор бол Балогун Бельгийн эсрэг хийх тоглолтыг өнжих учиртай байлаа.

Гэвч FIFA Балоган Бельгийн эсрэг тоглолтод оролцож болно гэсэн шийдвэр гаргаж, тэрбээр 90 минутыг талбай дээр өнгөрүүлсэн. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг FIFA -ийн ерөнхийлөгч Ж.Инфантинотой гурван удаа утсаар ярьсны дараа энэ шийдвэрийг гарсан.

Д.Трамп ч сошиал хуудсаараа FIFA -д баярлаж талархсанаа илэрхийлсэн.

Хичнээн улаан хуудас хүртсэн тоглогч заавал дараагийн тоглолтыг өнждөг дүрмийг зөрчин “арын хаалгадуулан” АНУ-ын шигшээ хүчтэй гэх бүрэлдэхүүнээ гаргаж чадсан ч Бельгид 1:4-өөр хожигдож, ёстой юм ёсоороо боллоо. Трамп, Инфантино нарын оролцоотой “улаан хуудас”-ны уг хуйвалдааныг “хохирогч” Бельги хамгийн түрүүнд эсэргүүцэж, улмаар Европын хөлбөмбөгийн холбооноос эхлээд олон улс орнуудын хөлбөмбөгийн холбоод, хөлбөмбөг сонирхогчид, мэргэжилтнүүд нийтээрээ эсэргүүцэж байсан ч “дийлсэнгүй. Балогун талбайд 90 минут тоглосон.

Тэгвэл Бельгийн шигшээ баг АНУ-ыг 4:1 харьцаатай хожсоныхоо дараа хувцас солих өрөөнд Трампын бүжгийг бүжиглэжээ.

Тэгвэл Инфантино FIFA-гийн дараагийн Их хурлаар суудлаа өгөхөөс аргагүй болов бололтой.

Хавчигдсаар эрт хасагдсан Ираны шигшээ баг

ДАШТ-2026-г зохион байгуулагч АНУ оролцогч Ирантай дайны байдалд байгаа нь түүхэнд анх удаагийн тохиолдол.

АНУ болон Иран улсуудын хоорондын хурцадмал байдлаас болж Ираны шигшээ багийг тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгээс 225 км-ын зайд байрлуулах, бэлтгэлийн баазыг нь нүүлгэн шилжүүлсэн зэрэг хүндрэлүүдтэй тулгарсан.

АНУ виз олгохоос татгалзсаны дараа Ираны шигшээ баг Мексикийн Тихуана дахь бэлтгэлийн баазыг сонгосон. АНУ-ын Засгийн газар Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн зарим албан тушаалтанд виз олгохоос татгалзсан. Ираны шигшээ баг уг нь АНУ-ын Аризона мужийн Тусон хотод үндсэн баазаа байгуулж, бэлтгэлээ хийхээр төлөвлөж байсан ч визний тодорхойгүй байдлын улмаас төлөвлөгөөгөө яаралтай цуцалсан нь тэр.

Ираны баг Туркийн Анталья хотод бэлтгэл хийсний дараа хувийн чартер нислэгээр Тихуана хотод газарджээ. Багийн тоглогчид болон дасгалжуулагчдын үндсэн бүрэлдэхүүн АНУ-ын виз авсан ч төлөөлөгчдийн зарим хэсэг, тэр дундаа багийн менежер, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг чухал албан тушаалтнуудад виз олгоогүй тухай мэдээлэгдсэн Reuters-ийн мэдээлснээр Ираны 70 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдөөс 15 хүнд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл олгоогүй юм.

Ийнхүү эх орон нь дайны байдалд байгаа шигшээ баг визийн хязгаарлалт, улс төрийн байдлаас болоод АНУ-д байрлаж чадахгүй, Мексикээс ирж очин тоглосон гэхэд харин ч сайн тоглосон. Хэрвээ бусад баг шиг жирийн байдлаар тэмцээнд оролцсон бол Ираны баг ядаж 32 тэр байтугай 16-д ч шалгарах боломж байсан гэх яриа хөөрөө ч ихээр сонсогдоно.

Парагвайн сенатор К.Мбаппег шимпанзе сармагчнуудыг сонсож өссөн тэнэг гэснээс асуудал үүслээ

Энэ удаагийн ДАШТ ер нь дүрэм журмыг гажуудуулах юмаар их болж байна. Франц-Парагвайн тоглолт байна. Тоглолтод орсон ганц гоолыг Килиан Мбаппе 70 минутад торгуулийн цлхилтоор хийсэн. Энэ удаа Парагвайн багийнхан хаалга руу чиглэсэн цохилт хийхээс илүү өрсөлдөгчийнхөө хөл рүү өшиглөхийг илүүд үзсэн мэт л байлаа.

Хурдтай, ур чадвар өндөр Францын довтолгоог ингэж л зогсоох тактик барьсныг тоглолтынх нь дараах үйл явдлууд мэдэгдсэн. Хачирхалтай нь энэ тоглолтыг талбайд шүүсэн узбек шүүгч парагвайчуудын бохир тоглолтод нэг ч шар хуудас өгөөгүй.

Уг тоглолтын араас Парагвайн сенатор Селесте Амарилла Парагвайн хаалгач Орландо Гиллтэй гар барихаас татгалзсан Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппег X хуудсанд, “Мбаппе бичиг үсэг ч тайлагдаагүй тийм л тэнэг; эхийнхээ сүүг биш кокос хөхөж, шимпанзе сармагчнуудыг сонсож өссөн. Чи түүнд дунд хуруу гаргаж үзүүлэх ёстой байсан юм, Орландо Гилл. Би сенатын хурал дээрээ тэгдэг, хэн ч надад юм хэлдэггүй.” гэж бичсэн. Мөн Instagram хуудсандаа К.Мбаппег “Камерунаас гаралтай, колоничлогдсон, франц болох гээд ядчихсан, уур хилэнтэй, юм үзээгүй, биеэ тоосон, царай муутай нэгэн. Өөрөө ч тэр, баг нь ч тэр тоглолтын туршид сандарсан, үхтлээ айсан байдалтай байсан, нэг ч гоол хийж чадалгүй хожсон. Парагвайн шигшээ багийнханд гомдоллож буй ганц зүйл нь тэд тоглолт дууссаны дараа Мбаппед алганы амт үзүүлэх байсан юм” хэмээжээ.

Францын шигшээ багийн ахлагч К.Мбаппе хариуд нь X нийгмийн сүлжээнд, “Та бол жигшмээр, хашиж буй албан тушаалаа гутаасан эмэгтэй юм. Та бол ДАШТ-ий туршид хүсэл эрмэлзэл,  хүндлэлийг харуулсан Парагвай улсыг төлөөлөхгүй. Бодлогогүй, хэнэггүй байдал, арьс өнгөөр ялгаварладаг зангаас чинь болж танай улсын шигшээ багийн тамирчдын ДАШТ-ий турш гаргасан түүхэн амжилтуудыг дэлхий даяараа мартлаа. Өөр шиг чинь хүмүүст үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзлийг чөлөөтэй тараагаад яваад байхыг би зөвшөөрч чадахгүй” гэлээ.

Францын Хөлбөмбөгийн холбоо С.Амарилла нь К.Мбаппе болон Францын шигшээ багийнхныг доромжилсноор Франц улсыг доромжилж байна хэмээн, түүнийг шүүхэд өгөхөөр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn