Тайландад 11 настай хүүхэд мөргөлийн цувааг дайрч, есөн лам амиа алджээ

Тайландын зүүн хойд нутагт 11 настай хүү эцэг эхийнхээ пикап машиныг унаж явахдаа мөргөлийн цувааг мөргөж, буддын шашны есөн лам амиа алдаж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Осол гарах үед Мукдахан мужийн замаар 35 лам, таван сүсэгтэн олон нийтийн хамт явган мөргөл үйлдэж байжээ.

Цахим орчинд тавигдсан бичлэгээс үзвэл замын хажуугаар лам нарын шар нөмрөг, эд зүйлс таран шидэгдэж, осол гаргасан машин эвдэрч хэмхэрсэн харагдана. Цагдаа нарын мэдээлснээр таван лам осол болсон газар дээр, дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Франс Пресс (AFP) агентлагийн мэдээлж буйгаар, хүү машиныг зөвшөөрөлгүй авч унаад, замаа хянах чадвараа алдан лам нарыг дайрсан байна.

 Урьдчилсан мэдээллээр хүүг тусгай хэрэгцээт хүүхэд байж болзошгүй гэж үзэж байгаа ч нарийн ширийн зүйл хараахан тодорхой болоогүй байна.

Мукдахан мужийн эмнэлгээс бэртэж гэмтсэн лам нарт туслах зорилгоор яаралтай цусны донор болохыг иргэддээ уриаллаа. Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр гурван ламын биеийн байдал маш хүнд, таваас доошгүй лам хүнд гэмтэл авсан бөгөөд бусад нь хөнгөн бэртлээ эмчлүүлж байгаа аж.

Тайландад Бурхан багшийн сургаалийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч гэдэг утгаараа буддын шашны лам нарыг маш их хүндэтгэдэг. Лам хуврагууд олон нийтийн дундуур цуваагаар явах нь түгээмэл байдаг бөгөөд иргэд хүндэтгэлийн тэмдэг болгон тэдэнд хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг өглөг болгон барьдаг уламжлалтай.

Цагдаа нарын тогтоосноор осол болохын өмнө гэрт нь бие нь өвдөөд хичээлдээ яваагүй хүүгээс өөр хүн байгаагүй аж. Хүүгийн асран хамгаалагчид машин нь алга болсныг мэдүүтээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

 Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn